logo
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт хандаж уриалга гаргалаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт хандаж уриалга гаргалаа

2012/12/27
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орох болсонтой холбогдуулан өнөөдөр /2012.12.26/ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр хэлэхдээ, "Оюутолгой ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 27-нд Өмнөговь аймаг дахь уурхайн талбартаа баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаагаа хийх гэж байна. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, нийт Монголынхоо ард түмэн, Оюутолгой ХХК-нийн ажилтнууд болон Монгол орны төлөө сэтгэлтэй хүн бүрт хандан Оюутолгой ХХК-ийг далд буюу монголчууд бидний мэдэхгүй байгаа бүх гэрээнүүдээ ил нээлттэй болготол аливаа үйл ажиллагааг нь дэмжихгүй байх, тухайлбал энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна” гэлээ.

Мөн бүтээн байгуулалтын гэрээг нэн тэргүүнд ил болгох шаардлагатай байгааг онцолсон юм. Ингэж Хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох Монгол Улсыг хүндэлж бүх нууц гэрээ хэлэлцээгээ ил тод болготол энэхүү ёслолын арга хэмжээнд оролцохгүй байхыг нийт Монголын ард түмэн болон Монгол Улсын Засгийн газарт тусгайлан уриалж байгаагаа хэллээ. Анх 2007 онд хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 2,7 тэрбум ам. доллар  гэж байсан бол өнөөдөр 7,8 тэрбум ам. доллар гэх болсон. Аливаа гэрээнд бүтээн байгуулалтын ажлыг нэг ам. долларын зөрүү гаргалгүйгээр нарийн зохицуулалттай хийдэг олон улсын туршлага бий. Хэрэв нэг ам. долларын зөрүү гарахад тэр мөнгийг хэн төлөх, хэн хариуцах гээд нарийн ээдрээтэй асуудлуудыг гэрээнд тусгасан байдаг. Гэтэл Монголын талд хэдэн тэрбум ам. доллараар хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсэн талаар зүгээр л мэдэгдээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байгааг  хүлээн зөвшөөрөх ёсгүй гэлээ.

Л.Жаргалмаа
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш