logo
М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгож, Г.Эрдэнэбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилов

М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгож, Г.Эрдэнэбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилов

2012/12/28
УИХ-ын  пүрэв гаригийн /2012.012.27/ үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг байгуулагдсантай холбоотойгоор  парламентын дэд даргад М.Энхболдын нэрийг дэвшүүлж буйг бүлгийн дарга Н.Энхболд танилцуулсан юм.
М.Энхболд нь парламентын болон төрийн албаны туршлагатай, өндөр боловсролтой, тэргүүний боловсон хүчний нэг учир УИХ-ын Дэд даргын албыг гүйцэтгэж чадна гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг авч орж ирсэн УИХ-ын дэд даргын томилгоог баталгаажуулахын өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигч М.Энхболдоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмждэг эсэх, нийслэлийн газрын харилцааны асуудалд яаж анхаарч ажиллах талаар асууж байсан юм. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн “УИХ-ын асуудал нь ард түмний асуудал байдаг. Дэд даргаар сонгогдчихоод хүний эрхийн асуудал, хотын түгжрэл, утааг багасгах талаар ямар санаачлага гаргаж ажиллах вэ гэсэн  асуулт тавьж байв. Үүнд  М.Энхболд гишүүн “Улаанбаатарт тулгамдсан асуудлуудад  урьд урьдынхаас илүү анхаарч ажиллана.  2013 оны төсөвт утааг багасгах ажилд тусгагдсан  хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад мөн анхаарах болно” гэлээ.
УИХ-ын гишүүдийн  89,8 хувийн саналаар УИХ-ын дэд дарга болсон М.Энхболд Шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмждэг гэдгээ чуулганы хуралдаан дээр хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ганбатын Эрдэнэбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д санал ирүүлснийг гишүүд мөн хэлэлцлээ. Ерөнхийлөгч Г.Эрдэнэбатыг ажил хэргийн чадвар, мэргэшил, төрийн албаны дадлага туршлага, ёс зүйн байдал, зэргийг харгалзан үзэж Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох санал гаргасныг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг авч орж ирсэн Г.Эрдэнэбатыг гишүүд мөн дэмжсэн. Гэхдээ шүүхийн шинэчлэлтэй холбоотойгоор холбогдох хуулиудад өөрчлөлт хийхээр яригдаж байгаа асуудалд анхаарч ажиллах, хууль боловсруулах ажилд биечлэн оролцох хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан. Ц.Нямдорж нар зөвлөж байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш