logo
Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд монгол цэргийн тулганы галыг бадраах, гал манах ёслол боллоо

Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд монгол цэргийн тулганы галыг бадраах, гал манах ёслол боллоо

2012/12/28

12 дугаар сарын 21-ний өдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд монгол цэргийн тулганы галыг бадраах, гал манах ёслолыг анх удаа үйлдлээ. Энэ ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, МУГЖ дуучин С.Жавхлан нар оролцов.

УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2011 оны 12 дугаар сарын 29-нд анх удаа Төрийн ордонд монгол төрийн тулганы галыг бадраах ёслолыг үйлдсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч уг зарлигтаа төр улс, түмэн олныхоо цог золбоо, хийморь лундааг бататгах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12 дугаар сарын 29-нд өөрсдийн тулганы галаа бадрааж байхыг төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, айл өрх бүрт уриалсан билээ.

Эрт дээр үеэс галаа тахин сүсэглэж ирсэн монгол ёс заншлын дагуу энэхүү уриалгыг Батлан хамгаалах салбарынхан ийнхүү дэмжиж, монгол цэргийн сүлд хийморь, лундааг мөнх хөх тэнгэрт даатгах, цог золбоо, өөдлөн дэвжихийг билэгдэн монгол цэргийн тулганы галыг бадраах, гал манах ёслолыг үйлдэв.

Мөн саяхан уг ёслолыг Төв аймаг дахь Зэвсэгт хүчний 016 дугаар бригад дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр анх удаа хийж үзүүлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цаашид Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад  зохион байгуулж байхаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш