Ингэснээр авто замын салбарт ажиллагсдын өмнө тулгамдсан олон асуудлууд шат дараатайгаар шийдэгдэх юм. Тухайлбал, авто замын салбарын аж ахуйн нэгжийн байгууллагуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 224640 төгрөг байх бөгөөд үүнд талууд хяналт тавин ажиллана. Түүнчлэн авто замын салбарын хэмжээнд хийж байгаа техник, технологийн шинэчлэлт, боловсон хүчний бодлогын дагуу ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа гурван сар хүртлэх сургалтад суралцагсдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр цалинжуулах, замчдыг Монгол Улсад хэрэгжиж байгаа 100000 айл орон сууцны хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг олон асуудлууд тусгагдсан байна.
Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Монголын Авто замын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэлэлцээрийн дагуу авто замын салбарт ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хамтын ажиллагаа түншлэл гэсэн таван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар боллоо гэж Зам, тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.