Иргэдээ сонсч, хэрэгжүүлэх боломжтой санал, санаачилгуудыг нь бодитой шийдвэр болгодог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн шинэ оны эхний дугаарын сэдэв “Цагаан сарын бэлэг” байлаа. Бид жил бүрийн өдийд бэлэн мөнгөө гадагш урсгаж, чанар муутай элдэв бараа болгодог. Энэ байдлыг өөрчлөн мөнгөө дотооддоо үлдээх, бие биеэ дэмжихийг уриалдаг ч үндэсний үйлдвэрлэлийн ямар ямар бараа байгаа, тэр нь үнэ хямд, чанар эдэлгээ даах эсэх талаар мэдээлэл дутмаг байдаг.
Импортыг орлохуйц чанартай, өрсөлдөх чадвартай дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих нь Засгийн газрын тэргүүн зорилтуудын нэг болохыг хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо. “Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаагаа та бүхэн батлан харуул. Гэхдээ танай бараа бүтээгдэхүүн гологдох биш тоогдох хэмжээний чанартай, үүнээс чухал нь иргэдийн худалдан авах чадварт нийцэх боломжийн үнэтэй байх хэрэгтэй шүү” хэмээн тэрбээр анхааруулж, өөрсдийгөө таниулах цагийг үйлдвэрлэгчдэд гаргаж өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй сонирхол татахуйц шинэлэг, өрсөлдөх чадвартай дотоодын бүтээгдэхүүнүүдийг Засгийн газрын тэргүүн дэмжиж биечлэн “сурталчилсан” юм.
Оёдол, ноос ноолуур, арьс шир, хэвлэл зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг Гадаад харилцааны яаманд болсон хэлэлцүүлгийн танхимд үйлдвэрлэгчид дэлгэжээ. Мөн сүү, мах, гурилан болон ус ундаа, чихэр шоколад, нөөшилсөн зэрэг арваад нэр төрлийн бүтээгдэхүүнээ 20 гаруй хүнсний үйлдвэрлэгч сурталчиллаа.
Ноолууран дээл, ширэн бүс, мөнгөн хөөрөг зэрэг чанар чансааг илтгэх эд эдлэлээс авахуулаад сар шинээр бэлгэнд өгөхөд тохиромжтой төрөл бүрийн загварын хувцас, бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэл, гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг Ерөнхий сайд үйлдвэрлэгчдийн хамт иргэдийнхээ сонголтод танилцуулсан юм. Дотоодын үйлдвэрлэгчид хаяг шошго, сав баглаандаа ихээхэн дэвшил гаргасны зэрэгцээ загвар хийцийн шийдлээ ч шинэлэг болгож байгааг эндээс харж болохоор байлаа.
Монгол ур ухаан шингэсэн орчин үеийн хийц загвартай оньсон тоглоом, монгол хийцийн эвхдэг таваг, хураагдаж багасгадаг мини ном, аяны зориулалтын гал болон гал ноцоогч зэргийг шинэлэг шийдэлтэй, бэлгэнд тохиромжтой бараа хэмээн Ерөнхий сайд онцолж байлаа. Хөөрөгний даалин, ширэн цүнх, эсгий шаахай, олбог хивс гээд хямд үнэтэй, хэрэглээнд аятай сонголт болох олон барааг энд танилцууллаа. Үйлдвэрлэгчдийн зүгээс хэрэглэгчдээ татахын тулд тухайн бараа бүтээгдэхүүн дээрээ үг бичвэр, лого тэмдэг, зураг дүрс оёулж, хэвлүүлж болох гэх мэт ялгарах давуу талуудаа ч тодотгон нэрлэж байв.
Хэлэлцүүлгийн үеэр сар шинийн бэлгэнд зориулан үндэсний үйлдвэрлэгчдийн танилцуулж буй бараа бүтээгдэхүүний хамгийн доод үнэ 120 төгрөг, эсгий болон арьс ширэн жижиг бараанууд 1500-18000, ноос ноолууран хувцас эдлэл 10-50 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ерөнхий сайд “Дотоодын бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг гэдэг ойлголтыг өнөөдөр энд үйлдвэрлэгчид няцаалаа. Бараагаа бэлгэнд өгөхөд нүүр улайхааргүй савлагаа боодолтой болгосноо харууллаа, мөн маш өргөн нэр төрөл, сонголтыг санал болгож байгаагаа дэлгэлээ” хэмээсэн юм.
Энэ хэлэлцүүлгийг телевизээр үзсэн хүмүүс Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д олноор хандаж, бараагаа танилцуулсан компаниудын хаяг байршлыг асуужээ. Иймд иргэддээ хүндрэл чирэгдэл үүсгэхгүйн тулд цагаан сарын өмнө дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.