logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2013/01/11
Хууль, эрх зүйн гарын авлага болсон "Төрийн мэдээлэл" эмхэтгэл энэ оны 2 дахь дугаараа уншигч олондоо хүргэлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээлэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилттой “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ хуульд хүнсний аюулгүй байдлыг хангахад ямар зарчим баримтлах, хүнсний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар дэмжлэг, урамшуулал үзүүлэх, тавих шаардлага , хяналт болон хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо ямар байх зэрэг асуудлыг тодорхой тусгасан  байна. Үүнээс гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн чиг үүргийг тодорхойлж өгсний  зэрэгцээ хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. Хүнсний тухай хуулийг дагалдаж гарсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг  эмхэтгэлд тус тус нийтэллээ.

Мөн дугаарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг нийтлэв. Үүгээр хуулийн үйлчлэх хүрээг тогтоож түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчим, арга, хэлбэр, буцаан болон татан авах тохиолдол, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага, хүнсний түүхий эд, бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн чиг үүрэг, хяналтын асуудлыг нарийн хуульчилжээ.Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарим хуулийг нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хөдөлмөрийн удирдлагын, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүргийг тогтоож өгсөн байна.

Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулах ажээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиар “зөвшөөрөл шинээр олгохыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” гэснийг “зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл” гэж өөрчилсөн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай зэрэг УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлиг, Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш