УИХ болон шинэчлэлийн Засгийн газраас сайн засаглалыг дэмжиж, авлигыг бууруулах томоохон зорилтууд тавьж байгаа энэ үед Авлигын эсрэг парламентчидын бүлгээс авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон санаачлага, үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажиллахаар төлөвлөж байна. Авлигын эсрэг парламентчидын бүлгийг 2010 онд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн УИХ-д байгуулж байсан билээ. Харин шинээр байгуулагдсан албан бус бүлэгт тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Я.Содбаатар Г.Уянга, Ж.Энхбаяр нар орсон байна.
Тодруулга: Авлигын эсрэг парламентчидын дэлхийн байгууллага нь Канад улсын Оттава хотноо 2002 оны 10 дугаар сард болсон авлигын эсрэг олон улсын чуулганы үеэр байгуулагджээ. Сайн засаглалыг дэмжин, авлигатай тэмцэгч дэлхийн 170 гаруй парламентч, 400-гаад ажиглагч тус чуулганд оролцож, шинэ байгуулагын бүтэц зохион байгуулалтыг энэ үеэр хэлэлцэн баталжээ. Анхны энэ чуулганд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Шаравдорж нар оролцож байсан бөгөөд одоо тус байгууллагад дэлхийн 45 орны парламентын 700-гаад гишүүн нэгдээд байгаа аж.
Тус байгууллагын ээлжит чуулга уулзалт “Шилдэг удирдагч, Сайн хууль, Сайн иргэд, Авлигаас ангид нийгэм бий болгоход удирдлагын оролцоо” сэдвээр Филиппин улсын Манила хотноо энэ оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд болно. УИХ-ын Авлигын эсрэг албан бус бүлгийн төлөөлөл болох 5 гишүүн тус хуралд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр оролцохоор төлөвлөж байна.
АЭПДБ нь Нийгмийн оролцооны ажлын хэсэг, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсэг, НҮБ-ын авлигын эсрэг конвенцын ажлын хэсэг, Парламентын хяналтын ажлын хэсэг, Парламентын ёс зүйн ажлын хэсэг гэсэн тодорхой 5 салбар, чиглэлээр тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоогчдын төлөөллөөс бүрддэг аж. Тухайлбал, Парламентын хяналтын ажлын хэсэг нь парламентын орлого, зарлага, санхүүтэй холбоотой хууль тогтоомжинд хяналт тавьдаг бол Парламентын ёс зүйн ажлын хэсэг нь парламентчдад итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгоор ажилладаг байна.