logo
Ц.Шаравдорж: Угшил нэгтэй хоёр нам хамтарч ажиллах нь эдгээр намуудад ч, улс оронд ч хэрэгтэй

Ц.Шаравдорж: Угшил нэгтэй хоёр нам хамтарч ажиллах нь эдгээр намуудад ч, улс оронд ч хэрэгтэй

2013/01/16
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан , туршлагатай парламентч , Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг энэ дугаарт нийтэлж байна .

Та төрийн ажил албаа өөрийн “санаачилга“- аараа хүлээлгэж өгөөд хэсэг хугацаа  өнгөрлөө. Одоо та юу хийж байна даа? Цаг зав ихтэй болсон уу?
    
Ажил албаа өөрийн санаачлагаар өгсөн нь зөв байжээ гэдэгтээ итгэлтэй байна. Учир шалтгааны хувьд түрүүнд өгсөн нэг ярилцлагадаа хэлсэн дээ.  Харин цаг завын хувьд ачаалал багасна гэж байхгүй юм байнаа. Төрийн ажилд дарагдаад, бодож санаж байдаг, хийж бүтээвэл зохих нэлээд ажил хүссэн хүссээгүй хойшлогдож байсан л даа. Одоо харин тэр бүхнээ эргэн харж хүссэн зүйлээ, мөн миний оролцоог хүлээж байсан олон ажилд сэтгэл санаагаа зориулан, гар бие оролцон хийх сайхан боломж гарч ирж байна. Энэ утгаараа бол бүр их завгүй болох нь ээ.

Таныг ажлаа өгсөнөөс хойш УИХ дахь  МАН бүлэгтэй боллоо. Бүлгийн асуудал яагаад ингэж удааширсан бэ?  Чөлөөт иргэний хувьд та одоо энэ талаар ямар хариулт өгөх вэ?

Их л өндөр үнээр бүлэгтэй боллоо доо. Бүлгээ байгуулж чадаагүй байсан өнгөрсөн хугацаанд МАН –ын хувьд маш чухал нилээн хууль, асуудлууд түүний оролцоогүй шийдэгдсэн. Нэг хоёр хүний хэт мэдэмхийрэл, дур зоргийн үйлдэл, хуулийг үл хайхарсан бүдүүлэг үйл ажиллагаа намдаа ихээхэн хор хохирол авчирсаныг хангалттай харж байна, эцсийн эцэст түүний горыг ард түмэн үүрнэ гэсэн үг. Бүлгийн хэмжээнд санал авсан нам 24 цагийн дотор УИХ дахь бүлгээ байгуулах ёстой шүү гэдгийг Тамгын газраас МАН-ын нөхдүүдэд хууль зүйн талаас нь анхааруулж байсан ч анхаараагүй юмаа.
 
Та УИХ-ын гишүүнээр  4 удаа сонгогдон ажилласан туршлагатай улс төрчийн хувьд өнөөгийн УИХ дахь улс төрийн хүчний харьцаа, үйл явдлын цаашдын өрнөлийг хэрхэн төсөөлж байна вэ?

УИХ-ын сонгуулийн үр дүнд дангаараа олонхийг бүрдүүлэх улс төрийн хүчин энэ удаа гараагүй. Ард түмэн ийм л сонголт хийлээ. Ийм нөхцөлд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам засгийн эрх барих хамтрагчаараа “Шударга ёс “ эвсэл , ИЗНН-ыг сонгохоор шийдсэн нь онцлогтой. Одоо болж буй улс төрийн үйл явцыг ажиглаж байхад нэг дүр зураг тодорхой харагдаж байна. УИХ-ын анхдугаар чуулганаар АН-ын 31 гишүүн тангараг өргөж бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш Өвөрхангайн тойргоос нэг суудал нэмэгдэж, бас МАН-аас  Д.Арвин суудлаа “хандивлалаа”. Ингээд 33 суудалтай болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр цаашид олонхийг бүрдүүлэх 39 суудлыг бүрдүүлэхийн төлөө эрх баригч хүчин ажиллах болов уу. Ямар хэлбэрээр, яаж ажиллах гэж байгааг УИХ дахь бусад нам, эвсэл ойлгож, мэдэж, мэдэрч байгаа биз дээ гэж хэлэх байна.

Тухайлбал, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН-ыг тоглоомноос шахаж гаргана гэсэн яриа ч явдаг юм билээ, энэ мэт гэсэн үг үү?

Улс төрийн хүчин болгон өөрийн байр суурь, язгууур ашиг сонирхлоо бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдэг тодорхой. Бодлого, үйл ажиллагаа нь эрс ялгаатай нам, улстөрийн хүчнүүд хэр зэрэг удаан хугацаанд хаяа нийлэн байсныг өнгөрсөн мөртлөө тун саяхны  түүх бидэнд харуулаад байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд манай улс төрчид, намууд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж эцсээ хүртэл үнэнч байх гэдэг ойлголт байхгүй, туйлбаргүй, барьцгүй.  Ийм нөхцөлд  үйл явдлын цаашдын өрнөл ямар байх нь хэн хүнгүй ойлгомжтой л байх ёстой доо гэж хэлээд байгаа хэрэг. Улс төр бол хатуу  шүү дээ.

Ингэхэд та чинь одоо аль намын гишүүн бэ , МАХН уу , МАН-ынх уу?

Миний хашиж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол намаас  гарсан байхыг хуулийн дагуу шаарддаг юм. Тиймээс би тухайн үед энэ албанд томилогдохдоо МАХН-аас гарсан. Түүнээс хойш нам маань 2 хуваагдчихсаныг бид бүхэн мэднэ шүү дээ. Нэрээ өөрчилж МАН болсон нэг хэсэг, мөн хуучин МАХН нэрээ авч үлдсэн нөгөө хэсэг гээд  үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Ёстой нөгөө Балтын хэлдэг шиг “Улаантан, цагаантан гээд байгаа шүү, 2-уулаа адилхан шав шар юм байж..." гэдгийн үлгэр л болж байна даа. Тиймээс, одоогоор “намуудынхаа” гишүүнчлэлээ сэргээгээгүй л явна даа. (Инээв). Ганц хүний гишүүнчлэл сэргээхээс илүү чухал асуудал байна, үүнд сэтгэл зовниж, шийдвэрлэхийн төлөө хувь нэмрээ оруулъя гэж бодож байна.

Илүү чухал асуудал гэсэн чинь юу гэсэн үг вэ ?

Аль аль намын гишүүн найз нөхөд, улс төрчид , хуульчид, зохиолч, яруу найрагчид, жирийн гишүүд, дэмжигчид уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, бодол саналаа солилцож байдаг. Тэд юу хэлээд байна гэхээр, нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай  энэ хоёр нам хамтарч ажиллах учиртайг дахин дахин хэлж ярьж байна. Гол нь намын үндэс болсон жирийн гишүүд, дэмжигчдийн энэхүү чин хүсэл эрмэлзлэлийг онцлон анхаарч, хүндэтгэн үзэх ёстой гэдгийг л би сайн ойлгож авч байна. Монгол Улсаа өнөөдрийг хүртэл авч явсан улс төрийн томоохон хүчин байтугай, эхнэр нөхөр 2 өрх тусгаарлахад ажил цалгардаж, амьдрал алдагддаг биз дээ. Ийм байхад нам хуваагдсан нь эх орны эрх ашиг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр МАН, МАХН  хамтарч ажиллахыг бидний хэлж заншсанаар цаг үе шаардаж, нийгэм хүсэн хүлээж байна. Тиймээс энэ хоёр намын хамтын ажиллагааны төлөө гишүүд,  дэмжигчидтэй хамтран ажиллъя, үүнээс илүү чухал зүйл алга гэж бодож байна.

МАН, МАХН хоёр нэгдэх тухай яригддаг боловч одоог хүртэл тодорхой алхам хийгдсэнгүй. Мөн нэгдэх тухай асуудал ярихаар энэ хоёр намын зарим гишүүд эрс хатуу үгээр эсэргүүцэж , “их мөрөн шалбаагтай нийлдэггүй”, “бохирдсон голтой нийлэхгүй” гэх мэтээр байр сууриа илэрхийлээд байгаа шүү дээ?

Намуудын нэгдэх, нийлэх асуудалд тулхтай, нухацтай хандах хэрэгтэй л дээ. Янз бүрийн үзэл бодол, байр суурь байж л таарна. Шийдэж болохгүй зүйл гэж нэг ч байдаггүй. Харин болохгүй гэж ярихаасаа өмнө, болох талаасаа эхлэх хэрэгтэй байна л даа. Би энд юу яриад байна гэхээр, за яахав нэгэнт ийм том бантан хутгаад хаячихсан хойно шууд нэгдэнэ гэдэг тухай яриад эхлэхэд хэцүү. Харин хамтарч ажиллахад болохгүй зүйл ерөөс байхгүй, үүнээс л бүх зүйл эхэлнэ, болно, бүтнэ.  Өөр гарц байхгүй. Хуваагдсанаасаа болоод ямар их зүйл алдав, ямар том нүхэнд унав гэдгээ хаа хаанаа ойлгож, хамтраад ажиллах нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв, тэр цаг нь ирж байна шүү  гэдгийг дахин дахин хэлмээр байна. Тэгээд ч өнөөдөр нэг нэгэндээ цэцэрхэж маргалдан “өндөг  тахианы” учрыг нь олох гэж, зөв бурууг шүүж хий дэмий мэтгэлцэх цаг биш. Одоо энэ  хоёр нам өөр хоорондоо хийж байгаа “иргэний дайн”-аа дуусгаж, урагшаа алхах хамтран ажиллах талаар ширээний ард сууж , ирээдүйг харах, алдсанаа нөхөхийн төлөө нийтээрээ ажиллах цаг  болсон. Энэ үг удирдлагад ч хамаатай, гишүүдэд ч хамаатай, дэмжигчдэд ч хамаатай. Намын нийтлэг эрх ашигт эв нэгдэл, хүч чадал чухлыг ухаарч, хувийн өчүүхэн амбиц, эрх ашиг, өс тооцоо байдаг бол хаях хэрэгтэй.    
    
Хоёр намын хамтын ажиллагааны чухлыг онцолж хэлээд байгаагынхаа үндэслэлийг  арай дэлгэрүүлж ярихгүй юу?

Нөхцөл байдлыг бодитой, гашуун боловч үнэн талаас нь харъя. МАН уруудахын дээдээр уруудлаа, одоо үнэн хэрэгтээ бүр орших уу, эс орших уу гэсэн том асуултын өмнө ирчихээд байна. Ойр ойрхон болсон УИХ –ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдал хүлээлээ. Эдгээр ялагдлуууд, тэнцвэргүй тогтолцоонууд бол зөвхөн МАН-д биш нийт нийгэмд, монгол төрийн төлөвшил, өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтад ихээхэн сөрөг үр дагаврыг авчирсан. Түүнийг янз бүрийн хэлбэрээр амсаж эхлээд байна. Ганцхан жишээ хэлэхэд, тогтвор суурьшилтай ажиллаж байсан төрийн захиргааны асар олон ажилтнууд бүтцийн өөрчлөлт нэрэээр хийгдэж байгаа халалт солилтоор ажилгүй болцгоож байна. Энэ хоморголсон халаа сэлгээ, төрийн хүчийг сулруулсан үйл ажиллагааны талаар намууд хэрхэн дүгнэлт хийж байгаа нь үнэхээр тодорхойгүй, нэг л амар тайван, бүх юм болж буй мэт байх юм. Цаг алдсан идэвхгүй байдал хэнд ашигтай юм? Олны дунд явж байхад намын жирийн гишүүд, дэмжигчид үнэхээр сэтгэл зовсон, намын удирдлагаа ажиллаасай, санал санаачлага гаргаасай гэж  хүсч байгааг харж байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд ялагдсан гол шалтгааныг олж харж,  бодитой дүгнэлтийг аль хэдийн хийчихсэн, дараагийн ажилдаа орчихсон байх  ёстой. Ялагдалын шалтгаан болгож олон зүйлийг хэлж болох ч, үнэндээ хуучин МАХН хоёр хуваагдаж хүчээ тарамдуулсан, хамтран ажиллаж чадаагүй явдал юм.  Ингээд санал хуваагдаж, МАН-ын хувьд хамгийн том өрсөлдөгч АН –тай  биш, харин МАХН- тай л өрсөлдөх тактик барьж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Энэ чинь өөртэйгээ өрсөлдөж, өөрийнхөө толгой дээр чулуу хаясантай л агаар нэгэн шүү дээ. Үүний үр дагаврыг хангалттай амсацгааж байна.  
 
Монгол улсын  Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Энэ сонгууль бол энэ хоёр намын хувьд ялагдаж болохгүй сонгууль. Би түрүүнд “ МАН-ын хувьд орших уу , эс орших уу  гэсэн асуудал тавигдаад байна” гэдгийг зүгээр ч нэг хэлээгүй юм . Энэ сонгуулиар ялагдах юм бол үнэхээр дахиж сэхэхгүй байдалд хүрнэ гэсэн олон хүний бодол, таавартай би санал нэг байна. Би сайн санаж байна, 2012 оны 4-р сард сөрөг хүчний нэгэн хэвлэлд “... МАН-ын араас зул өргөх цаг ойртож байна. Энэ намын эсрэг байгаа бүх хүчнүүд нийлж байгаад ч хамаагүй сонгуульд унагахын төлөө явах цаг болж . Улс төрийн газрын зурагнаас арчих цаг нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маань уншъя” гэж бичиж байсныг санахгүй байна уу? Улстөрийн өрсөлдөгч хүчин чинь ийм л арга тактик, зорилттой ажиллаж байна. Ингэж шууд, тодорхой хэлэхээс өөр яах юм? Сонгуулиас хойших үйл явдал дээрх зорилтыг үе шаттай хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулаад байгаа биш үү?
Нөхцөл байдал иймдээ тулсан байхад хэрхэн энэ хүнд байдлаас гарах вэ, ямар арга зам байна гэдгийг ний нуугүй л ярих, ирэх сонгуульд яаж оролцох вэ гэдгийг ярих цаг болсон. Бүр тодорхой, үе шаттай арга хэмжээ арга хэмжээ авах цаг болсон. Оройтож байна.  

Нэг угшилтай хоёр намын хамтын ажиллагааны төлөө гишүүд, дэмжигчид зохион байгуулалтанд орох юм байна, чухам  ямар үйл ажиллагаа явуулах бол?

Эвтэй бол хүчтэй гэдэг өвөг дээдсийн минь үг бий. Бас цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй ч гэдэг. Хоёр намын гишүүд, дэмжигчид хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, хэрхэн яаж ажиллах талаар дээр дооргүй ярилцаасай гэж хүсч байна. Үйл ажиллагааны тактик, стратеги, бодлогын чиглэлийг ч цэгцтэй томъолж, энэ талаар зөвлөлдөх хэрэгтэй байна. Ямартай ч нийгэмд үүсээд байгаа хүлээлт, тэмүүллийг хангаж ажиллах ёстой нь ойлгомжтой. Эцсийн эцэст, эв эетэй байх, нэгдэж ажиллах нь зөвхөн хоёр намын асуудал биш, монголын нийт ард түмний  язгуур эрх ашгийн асуудал, энэ одоо бүр ч тодорхой болж байна.

МАН, МАХН-ын одоогийн болон өмнөх удирдлагуудтай Та хамт зүтгэж явсан. Энэ 2 нам эвдэрч, задарч байхад Та нам бус байж УИХ-ын Тамгын газраа төлөөлөн Монгол төрийн төлөө тэдэнтэйгээ хамт зүтгэж байсан болохоор хэл амаа амархан олно гэж бодож байна уу?

Тийм байж болох талтай. Мөн асуудал амар, хэцүү дээ биш, гарцаагүй шаардлагатай гэдэгтээ хамгийн гол нь байгаа юм. Хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярьж байгаа болохоор удирдлагаас их зүйл шалтгаалах нь мэдээж. Гэхдээ том эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа, нийгмийн болон улс төрийн уур амьсгалыг мэдэрч байгаа  байх гэж найдаж байна. Энд тэмдэглэж хэлэхэд, хоёр намын эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө хамгийн түрүүнд УИХ дахь МАН-ын 25 , МАХН-ын 7 гишүүн “ЗА” гэж хэлэх болов уу. Эс бөгөөс, өнөө маргаашийг бодож  өөрсдийн суудлыг хоохойлсон, ялагдалтайгаа эвлэрсэн, хууль ёс зөрчигдөх болон газар авч буй орчин үеийн хэлмэгдүүлэлтийг үнэн хэрэгтээ зөвшөөрч байна гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ. Гишүүд, дэмжигчид, сонгогчид эдгээр хүмүүсийг нийтлэг эрх ашгийг илэрхийлж ажилла гэж сонголтоо хийсэн шүү дээ .

Д.Дэмбэрэл даргатай УИХ ээдрээтэй ямар ч тохиолдолд улс төрийн тогтвортой байдлыг ханган ажилласан гэж ярих юм билээ. Үүний ачаар л дэлхийн санхүүгийн хямралыг давж, парламент дамжин шийдлээ хүлээсэн  олон асуудлыг хамтын хүчээр шийдэж чадсан байх. Тамгийн газрын даргаар нь ажиллаж байсны хувьд үе үе биш үргэлж шахуу  гацдаг болсон  одоогийн УИХ- д эрчтэй, урагштай ажиллахад юу дутаад байна вэ?


Улсын Их Хурлын байнгын ажиллагааг хангахад түүнийг тэргүүлж байгаа хүний ноён нуруу, зангараг, дадлага туршлага ямар их хэрэгтэй байдаг юм гэдгийг Д.Дэмбэрэл дарга харуулж чадсан. Тамгийн газрын хамт олонтойгоо ч их ойр ажилладаг, итгэл хүлээлгэдэг, тэдний мэргэжлийн туслалцааг авч чаддаг  байсныг бас хэлэх байна. Одоогийн Их Хурлын үйл ажиллагаа гацаад байгаа тухай сонсож байна. Гацаа арилгах хууль хүртэл санаачлах тухай яриад байгаа сурагтай. Бүхнийг захиргаадаж,  хүчээр, сүрдүүлэг үзүүлж, хөнгөн хуумгай шийдвэрлэх нь тийм ч сайн арга биш. Шуудхан хэлэхэд, парламентат ёсны амин сүнс болсон зөвшилцлийн механизмийг ухаалаг зөв, амьдралд бодитой хэрэглэх улс төрийн соёл үгүйлэгдэж байна.

Төрийн захиргааны алба хаагчдын ажлын тогтвортой байдал алдагдаж, энэ нь төрийн ажилд хортойгоор нөлөөлж байгааг олон хүн ярьж байна. Энэ талаар таны бодол?

Сүүлийн үед төрийн алба хаагчид, зөвхөн төрийн алба хаагчид ч биш бусад хүмүүс ч ихээхэн айдас дунд байдаг болсон тухай яригддаг боллоо. Ажлын байр найдваргүй, амьдрал тогтворгүй, аливаа томилгоонд намын хуурай гишүүнчлэлийг хэт харгалзаж байгаа, ажилд тавигдсан хүмүүс нь ур чадвар, туршлага, боловсрол, хүмүүжил, ёс суртахууны аль нэг нь эсвэл аль аль нь хомс байгааг хүн бүр л харж байна. Төрд ажиллах боловсон хүчин зөвхөн намын шалгуур хангасан байхаас гадна, бас төрийн ажлын шаардлагад нийцсэн хүн хэрэгтэй гэдгийг хэлье дээ. Төрийн албыг хэт улс төржүүлэн, халаа солио хавтгайрвал төрийн ой санамж алдагдаж, аажимдаа төр дампуурдаг гашуун сургамж ч бий. Төр өөрөө уламжлалаа хадгалж байж хүчтэй байна. Гэтэл эрх баригч намын томоохон удирдагчийн нэг “...бид уламжлалгүй төрийг байгуулна...” гэж хүртэл ярихыг сонслоо. Энэ юу болж байнаа. Энэ бүгд нь эрх баригчид “хоосон” байгаагаас гадна бас сөрөг хүчин хүчгүй байгааг харуулж байна.

Ярилцлагынхаа эцэст таны хувийн бодлыг сонсох бас нэг сэдэв байна. Сонгуулиудын талаар таны байр суурь?.

 За би л лав шударга болсон гэж хэлж чадахгүй. Тэр санал тоолох төхөөрөмж гэдэг үнэхээр маш сэжигтэй үйл ажиллагаатай эд байна лээ дээ. Үүнээс болж сонгогчдын урам хугарч, төрийн тогтолцоог үнэн шударгаар бүрдүүлэх боломж алдагдаж, төрийн сонгуулийн нэр хүнд ч унаж байна. Нэг ч саналын хуудасны зөрүүгүйгээр сонгуулийн дүнг үнэн зөв гаргахын тулд  УИХ-аас зориуд хууль гарган, улсын төсвөөс хэдэн арван тэрбум төгрөг заран байж гадаад орноос тэр төхөөрөмжийг авчирсан. Гэтэл нь тийнхүү гадаадаас залан ирсэн “хар хайрцаг”нь Монголын ард түмний хувь заяаг хуудуутай шийдэж байна. Би орон нутгийн сонгуулиар үүнийг бүр өөрийн биеэр харсан. Тэр “хар хайрцаг”-т болж байгаа юм гэж ер алга. Тухайлбал, яагаад санал тоолох төхөөрөмж бүрээс будлиан, зөрүү гараад байдаг билээ? Захын дэлгүүрийн кассын машин хүн бүрийн худалдаа хийсэн огноо, төрөл, дүнг яв цав гаргадаг байхад яахлаараа монголын төрийн сонгуулийн дүн бараг бүхлээрээ алдаа мадаг, эргэлзээ дүүрэн, хамаг тоо нь зөрүүтэй байдаг байна? Энэ төхөөрөмжийг тавьснаас хойш сонгууль бүрийн дараа бараг тойрог бүр дээр сонгуулийн дүнгээс болж гомдол маргаан ч тасрахгүй гардаг болж байна. Ингэж гарсан маргааныг СЕХ, зарим нам, улс төрчдийн оролцоотойгоор  хүчээр дарж байгаа болохоос биш, үнэн хэрэгтээ үүний цаана юу байгаа нь тодорхойгүй, бөөн сэжиг таамаг, гомдол үлдээсээр. Төрийн сонгуульд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй ээ.

Бид 50 шахам сая малаа жил бүр дүн өвлийн хүйтэнд гараар тоолж болоод байдаг мөртлөө 4 жилд нэг удаа сая орчим сонгогчдын саналын хуудсыг гараар тоолчихож болдоггүй билээ?. Тэгэхээр энд чадахгүйдээ, бас боломжгүйдээ биш харин хүсэхгүйдээ байгаа юм. Санал тоолох төхөөрөмж нэвтрүүлсэн нь энэ ажлыг урагшлуулсан биш, ухруулсан алхам болсон. Би энд орчин үеийн техник технологийн дэвшлийг үгүйсгэх гээгүй байна. Харин утга учир талаасаа ч тэр, мөн эдийн засгийн талаасаа ч тэр зөв хэрэглэх хэрэгтэй байна. Манайд сургууль, эмнэлэг гээд өдөр тутмын үйл ажиллагаанд нь компьютер болон орчин үеийн бусад техник хэрэгсэл нэн хэрэгцээтэй газар зөндөө байна. Үүнд анхаарал хандуулаагүй мөртлөө хаа очиж хэдэн жилийн цаана, хэдэн санал тоолох гэж ийм их будлиан дагуулсан ажилд тийм их хөрөнгийг улайран зарцуулж байгаа нь ч өөрөө харыг дагуулж байгаа хэрэг.

Зөвхөн санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, будлиантуулах нь Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох , сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн асуудал болон хувирч, бүр хатуухан хэлэх юм бол техник хэрэгслийн тусламжтайгаар төрийн хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг “боловсон байдлаар” хүчээр авч байгаа нэг ёсны “төрийн эргэлт” юм .

Тэгээд цаашид сонгуулийн дүнг яаж гаргавал шударга болно гэж та үзэж байна ?

Дан ганц санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг гаргана гэдэг эргэлзээтэй нь бараг хүн бүрд тодорхой болчихлоо. Ганцхан миний ч биш, олон хүний санал бол , цаашид, гараар тоолсон саналын дүнг машинаар баталгаажуулж, яв цав нийлсэн дүнг хүлээн зөвшөөрдөг байх нь хамгийн ардчилсан бөгөөд шударга шийдэл гэж үзэж байна.

Сая УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд санал тоолох төхөөрөмжөөр тоолоход илүү ач холбогдол өгөөд хуулийг баталчихлаа шүү дээ ?


Үнэхээр сонин юм аа. Улстөрийн бүх хүчнүүд, төрийн түшээд сонгуулийг шударга болж, үнэн зөв дүн гарч байх, бий болоод байгаа эргэлзээг арилгахын тулд бүхий л аргыг хэрэглэхийн төлөө баймаар юм . Зарим улс төрийн хүчнүүд шаардаад, тодорхой санал гаргаад, бас иргэд сонгогчид санал бодлоо илэрхийлээд байхад заавал санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг гаргана гэж зүтгэж байгаад хуулийг баталчихаж байгаа нь туйлын ойлгомжгүй, бүр сэжигтэй байна. Дээр нь нэмээд хэлэхэд, энэ хуулийг хэлэлцэхэд парламентад суудалтай бусад намуудынхаа саналыг үл ойшоож хуулийг баталлаа. Нөгөө намуудад ч  улстөрийн шинжтэй иймэрхүү асуудлуудад нэгэнт л байр сууриа илэрхийлсэн, тэр нь нийтлэг эрх ашгийн төлөө байсан бол түүн дээрээ хатуу байх чадвар үнэхээр дутагдаж л байна .

Одоо тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхчихлөө . Нэгэнт хууль гарчихсан болохоор Сонгуулийн дүнг таны хэлсэнчлэн давхар тоолохгүй нь хууль зүйн талаасаа тодорхой болчихлоо.


Бүх улстөрийн хүчнүүд зөвшилцөж , бас бодит шаардлагыг ухаарч  чадвал хуульд ямар ч өөрчлөлтийг хэзээ ч хийж болно л доо. Хуулийг өөрчлөх хугацаа байхгүй гэдэг шалтгаан биш, бүр шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болно шүү дээ, яагаад ес, аравдугаар сард болохгүй билээ. Сая орон нутгийн сонгуулийг зүтгэж байгаад хойшлуулж, арваннэгдүгээр сард хийсэн л биз дээ. Болдог л юм байна. Хамгийн гол нь сонгуулийн дүн үнэн зөв, ямар ч эргэлзээ маргаангүй байх нь чухал. Энэ бол ардчилал, шударга ёс, эцсийн эцэст Үндсэн хуулийн асуудал юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш