logo
Төр, засгийн тэргүүнүүд Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

Төр, засгийн тэргүүнүүд Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

2013/01/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр Төрийн ордонд Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Дипломат корпусын ахлагч, Элчин сайд Самойленко Виктор Васильевич. Элчин сайд, хэргийг түр хамаарагч нар аа.
 
Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө. Хатагтай, ноёд оо.

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Эрхэм Та бүхэнтэй уламжлал ёсоор хуучин оноо үдэж, шинэ ондоо золгож байгаадаа баяртай байна. Улиран одсон 2012 он Монголчууд их түүхээрээ бахархсан онцгой жил байв. Улирагч онд Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.

2012 он Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Монголын ард түмэн сонгож, сонгогдох эрхээ зургаа дахь удаа чөлөөтэй эдэлж, шинээр бүрэлдсэн УИХ ажилдаа оров. Хилийн чанадад оршин суугаа иргэд анх удаа сонгох эрхээ эдэлсэн туүхэн сонгууль байлаа.

Сонгуулийн үр дүнд Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, чиглэлийг шинэчлэн тодорхойлов. Шил шилэз дарсан шинэчлэл, бүтээлч ажлууд эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан хэрэгжүүлж байна.

Хатагтай, ноёд оо,

2011 онд 17 гаруй хувь байсан манай эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засаг саарсны улмаас 2012 онд 12,3 хувь болсон ч давхар оронтой хэвээр байна. Өсөлтийн энэхүүхурдыг хадгалах нь бидний хувьд том сорилт хэдий ч, их бүтээн байгуулалтын ажлынсуурийг тавьсан тул энэ зорилтыг биелүүлэх боломжтой. Бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр манай улс өнгөрсөн оны сүүлээр түүхэндээ анх удаа олон улсын зах зээлд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж, амжилттай арилжаалав.
Оюутолгойн үйлдвэр 2012оны   12   дугаар сард   бүтээгдэхүүнээ   боловсруулж   эхлэн монголчууд    бүгдээрээ   хийж бүтээхийн замд нэг урагш алхлаа.

Хатагтай, ноёд оо,

2012 онд манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бүрт ахиц гарч, гадаад эдийн засгийн харилцаа нэмэгдэв. Монгол Улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхжлээ.
Монгол Улс 2012 онд 15 улстай дипломат харилцаа тогтоож, эдүгээ НҮБ-ын гишүүн 164 оронтой дипломат харилцаатай болоод байна. Цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дахин нотолж, хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Манай улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн боллоо. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн оров. Манай аюулгүй байдлыг бэхжүүлсэн эдгээр зорилтыг биелүүлэхэд Та бүхэн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Дэлхийн 130 орчим улсыг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) Монгол Улс тэргүүлж, багагүй амжилт гаргаад байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд манай улсын санаачлагаар Ардчиллын боловсролын тухай тогтоол анх удаа батлав. Мөн онд АОХН-ийн дарга орны хувьд Улаанбаатар хотноо Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт зохион байгууллаа.

Сүүлийн хоёр жил дэлхийн зарим бүсэд ардчиллын үйл явц эрчимтэй өрнөж, түүхэн өөрчлөлт гарлаа. Гэхдээ ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа орнууд хүнд сорилт, бэрхшээлтэй тулгарсаар байна. Эдүүгээ 20 гаруй жилийн өмнө тэдний байранд байсан Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагаасаа шилжилтийн орнуудтай хуваалцаж, энэ чиглэлээр "Олон улсын хамтын ажиллагааны сан" байгуулахаар ажиллаж байна. Манай улс эдгээр улсад заах биш, гагцхүү туулсан замналаас олсон туршлагаа хуваалцахыг зорьж байна. Миний бие чухам энэ зорилгод хөтлөгдөн өнгөрсөн жил Киргизид айлчилсан. Мөн онд манай улс ЕАБХАБ-тай хамтран Афганистаны залуу дипломатуудад тусгайлсан сургалт зохион байгуулав.

Миний бие өнгөрсөн жил ХБНГУ, Киргиз, Норвеги, Швед улсад тус тус айлчилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Ази-Европын уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд төвшний уулзалтуудад оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Угандад Олон улсын парламентын холбооны ээлжит чуулганд оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж, ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцлоо.

Индонезийн Ерөнхийлөгч, Лаосын Үндэсний Ассамблейн дарга, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн нарыг 2012 онд эх орондоо айлчлуулахад таатай байлаа. Эдгээр айлчлал хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

2013 он Монгол оронд олон чухал үйл явдлаар дүүрэн жил байна. Гадаад харилцааны салбарын хувьд манай зорилтууд тодорхой. Хоёр хөрш, мөн гуравдагч хөрш, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх нь тэргүүлэх зорилт хэвээр байна. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох гадаадад оршин сууж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах ажлыг чанарын шинэ төвшинд гаргахаар зүтгэнэ. Мөн бидний өмнө энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах томоохон зорилтбайна.

Монголчууд бидэнтэй үргэлж нөхөрсөг, найрсаг хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд талархаж, шинэ онд ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүгдийн дэмжлэгээр бид шинэ ондоо гадаад харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт би итгэл төгс байна.

Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье!” гэлээ.
 


Дипломат корпусын ахлагч, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Самойленко Виктор Васильевич хариу үг хэлэхдээ “2012 он маш чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улс УИХ-ын сонгуулийг амжилттай хийж, шинэчлэлийн шинэ эвслийн Засгийн газрыг эмхлэн байгуулж, орон нутгийн сонгуулийг явуулсан зэргийг онцлон дурдахыг хүсч байна.

Дэлхийн эдийн засгийн байдал ээдрээтэй, заримдаа тун эрсдэлтэй байсан хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт гайхам тогтвортой байсаар ирлээ. Хэдийгээр 2012 онд ДНБ-ний хэмжээ Засгийн газраас төлөвлөж тодорхойлсон төвшинд хүрч очоогүй боловч Монголын эдийн засаг зүйрлэшгүй сайн амжилт үзүүлэн 12,3 хувиар өсчээ. Оюутолгойн зэсийн төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулж миний бие Монголын ард түмэнд болон гадаадын хөрөнгө оруулагчдад баяр хүргэхийг хүсч байна.

Өнгөрсөн онд Монгол Улс олон улсын тавцан дээр олон өндөр амжилт үзүүлжээ. Монголын дипломат албаны олсон маргашгүй амжилтын нэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалд нэгэн зэрэг гарын үсэг зурсан явдал мөн билээ. Энэхүү үйл явдал дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд томоохон нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй юм. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт үй олноор хөнөөгч зэвсэг байрлуулахаас сайн дураар, бүрмөсөн татгалзсанаараа бусад улс оронд нааштай үлгэр жишээ үзүүлсэн билээ.
 
Монгол Улс 57 дахь гишүүн оны хувиар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэн нэгджээ. Бид энэхүү үйл явдлыг Монголын дипломат албаны гарамгай амжилт гэж үнэлж байна. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэр хүнд, үр ашгийг дээшлүүлэхийн тулд хосгүй туршлагаасаа тус байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, гишүүн бусад улстай нягт хамтран ажиллах болно гэдэгт бид бүхэн найдаж байна. Бид олон улсын болон бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Монголын ажил нэгтнүүдтэйгээ нягт уялдаатай хамтран зүтгэхэд бэлэн байна” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш