Эдгээр Залуучуудын хөгжлийн төвүүд нь интернэт төв, номын сан, англи хэлний сургалт, амьдрах ур чадварын сургалт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, зөвлөгөө, үйлчилгээ, залуучуудын хөгжилд чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа, залуучуудын сонирхлын клубүүд зэрэг үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажиллана.
“Уул уурхайн бүсийн залуучуудын эрсдэлт байдлыг бууруулах” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон аймгуудын нэг болох Завхан аймгийн урьдач нөхцөл байдалтай танилцах, орон нутгийн идэвхи оролцоо, чадавхийг тодорхойлох зорилгоор ХАХНХЯ, БШУЯ, Хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг 2013 оны 01 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастай суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХАХНХЯ-ыг төлөөлж, тус яамны ХАХБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Мишээл томилолтоор тус аймагт ажилласан бөгөөд Завхан аймгийн удирдлагууд болон орон нутгийн залуучуудын өөрийн оролцооны байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар болон төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ХАХНХЯ-ны зүгээс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллажээ.