logo
Гэр хорооллоос гадна өвөлжөө, хаваржааг ч хаягжуулна

Гэр хорооллоос гадна өвөлжөө, хаваржааг ч хаягжуулна

2013/01/26
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан.

   Хуулийн төсөлд зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө болон гудамж, талбайд хаяг олгохоор, үл хөдлөх хөрөнгийн хаяг нь нийслэлд хотын нэр, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж /талбайн нэр, дугаар, хороолол/ хотхоны нэр, байшин барилгын дугаар, хаалганы дугаар зэргээс бүрдэхээр тусгажээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн хаяг нь аймаг, сумын төвд тухайн аймаг, сумын нэр, багийн дугаар, гудамж/талбайн нэр, дугаар, хороолол/хотхоны нэр, байшин барилга/хашааны дугаар, хаалганы дугаар зэргээс бүрдэхээр заажээ.

   Дээр дурдсанаас бусад газарт үл хөдлөх хөрөнгийн хаяг нь засаг захиргааны нэгжийн нэр, газар зүйн /газар, усны/ нэр зэргээс бүрдэхээр тусгасан ажээ.

  Гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөв, энгийн, ойлгомжтой дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцөлийг боловсронгуй болгох зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой гэж төсөл санаачлагид үзжээ.

   Иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад хаягжилтийн шинэчлэл чухал нөлөө үзүүл гэж сайд танилцуулгадаа дурдсан.  

   Хаягжуулалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Хаягийн мэдээллийн системийг Улаанбаатар хотод байгуулах зорилгоор 2013-2015 онд 3,0 тэрбум төгрөг төлөвлөөд байгаа бөгөөд 2013 онд 500,0 сая төгрөг улсын төсөвт тусгажээ. Шаардлагатай бусад зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгах замаар тухай бүр шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

   Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

  УИХ-ын гишүүд хаягжуулалт зөвхөн айл өрхүүдэд хамаатай юу, эсвэл аж ахуйн нэгж байгууллагад бас хамаарах эсэх, иргэний бүртгэл, иргэний үнэмлэхтэй хэрхэн нийцүүлэх талаар лавлаж байлаа.

  Сайд Ч.Сайханбилэгийн хариулснаар, Хаягжуулалтыг нэгдсэн нэг зохион байгуулалтыг оруулах хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Одоо хуулиа батлан гаргаад үүний дагуу Засгийн газар холбогдох журмыг гарган хаягжуулах ажлыг үргэлжүүлэх юм байна. Гэхдээ ганц Улаанбаатар хотыг хаягжуулах бус хөдөө орон нутагт ч үргэлжлэх бөгөөд малчдын өвөлжөө, хаваржаа ч хаягтай болох юм байна. Ингэхийн тулд хаягжуулах нэгдсэн нэг технологийг ашиглах ажээ.

   Харин иргэдийн гэрийн хаяг, гудамжны мэдээлэл ирганий ухаалаг үнэмлэхийн чипид бичигдэх бөгөөд цаашид иргэний үнэмлэх дээр ил хаягтай байлгах эсэх асуудлыг Засгийн газрын журмаар зохицуулахаар ярилцаж байгаа юм байна. Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш