УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батсуурь нар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа өнөөдөр /2013.01.25/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Байнгын хороо, УИХ-ын гишүүдээс УИХ-ын үйл ажиллагааг ил тод болгох, судалгаа, шинжилгээ, лавлагааг төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанд ашигладаг байх зэрэг асуудлаар трүүлсэн саналууд болон Өргөдлийн байнгын хороог УИХ-д шинээр байгуулсантай холбогдуулан тодорхой эрх зүйн зохицуулалтыг хийж шаардлага гарсан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Өргөдлийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох нэмэлтийг оруулах, УИХ-ын үйл ажиллагаанд цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг цахим хэлбэрээр хүргүүлдэг байх асуудлыг зохицуулахаар тусгасан аж.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд мөн нэмэлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагч УИХ-ын Тамгын газраас гаргасан төслийн талаарх хууль зүйн болон салбарын бодлогын, төсвийн зардал нэмэгдэх, орлого буурах үр дагаврын талаарх дүгнэлтийг тус тус танилцуулдаг байх зохицуулалтыг оруулжээ.
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь 2 зүйлтэй. 1 дүгээр зүйлээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримт нь албан бичиг хэргийн хөтлөх нийтлэг журам болон хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлага хангаагүй байвал түүнийг хангуулах арга хэмжээ авдаг байхаар төсөлд заасан байна.
Хуулийн төслүүд батлагдснаар хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчин сайжирч, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, бүтэц, гишүүдийн ажиллах нөхцөл боловсронгуй болж, хууль тогтоомжийг хэлэлцэх үйл явц түргэн шуурхай болох ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа хуулийн төслийг санаачлагчид илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.