logo
Польш Улстай барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллана

Польш Улстай барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллана

2013/01/29

Энэ сарын 20-23 ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  БНПУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа багтаж тус улстай барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллах ганзага дүүрэн богцтой ирлээ.   

Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан байна.  Польш улсын барилгын салбартай архитектур, барилгын үйлдвэрлэлийн салбарт төсөл хэрэгжүүлэх, баталгаажуулалт стандарчлалын салбарт хамтарч ажиллахаар болжээ.

Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд эрх зүй, банк, техникийн үйлчилгээ хөгжүүлэх, боловсон хүчин солилцох, сургалт үзэсгэлэн яармагт оролцох зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан байна.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талын хамтарсан комисс байгуулагдана. Энэ комиссын бүрэлдэхүүнд дэд сайд багтаж барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар хамтран ажиллах ажлын хэсэг, мэргэжлийн шинжээчдийн баг байгуулан, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зохиогдсон Монгол, Польшийн бизнес форумд оролцож  “Монгол Улсын Барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага” сэдвээр илтгэл тавилаа.  БНПУ-ын төрийн байгууллагуудын төлөөлөгчид Монгол Улс,  Польшийн бизнес эрхлэгчдэд Монгол улсын барилгын салбарын үйл ажиллагаа, цаашид хийгдэх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны боломж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг ойлгомжтой сайн хүргэсэн гэж форумд оролцогчид үнэлж байв.

БНПУ-д хийсэн айлчлалын үеэр дэд сайд Г.Байгалмаа, ББМБХЗГ-ын мэргэжилтэн Д.Нямдэлгэр нар Польш улсын Торун хотын “Баумат” компанийн төмөр бетон угсармал хийц эдлэлийн үйлдвэртэй танилцаж, тоног төхөөрөмж, лаборатори, бетон узель болон үйлдвэрлэсэн хийц, эдлэлийг үзэж сонирхсон байна.

Тус үйлдвэр нь угсармал барилгын бүх төрлийн даацын болон даацын бус хийц, элементийг зураг төслийн дагуу, тусгай захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Угсармал төмөр бетон хийц, эдлэлийн арматуран хийцийг үйлдвэрлэх тоног төхөөрөмж, цэгэн гагнуурын машинтай, манайд нэвтэрч буй хучилтын конкреволл хавтанг  үйлдвэрлэж байв.

Түүнчлэн гадна даацын ханын хавтангийн дулаалгыг хавтангийн гадна талд бат бэх өнгөлгөөтэйгээр, мөн барилгын фасадны заслыг төрөл бүрийн байдлаар үйлдвэрт хийх боломжтойгоо танилцуулсан.  Барилгын угсармал хийц эдлэлээс гадна инженерийн шугам сүлжээний байгууламж, далан сувгийн хавтан, хоолой, хашлага хана болон зам гүүрийн даацын угсармал эдлэл бусад элемент энэ үйлдвэрийн нэрийн хуудас байлаа.

Энэ компанийн үйлдвэрлэсэн хийц эдлэлээр Польш улсад 16 хүртэл давхар орон сууц, олон нийтийн барилга байгууламж, амины орон сууцыг барьдаг. Мөн зам гүүрийн, инженерийн байгууламжийн угсармал эдлэл, тусгай захиалгын болон хол алслалын барилга байгууламжийн угсармал хийц, эдлэлийг үйлдвэрлэдэг тухайгаа танилцуулжээ.

Үйлдвэртэй танилцсаны дараа “Баумат” ХХК-ийн ерөнхий захирал Януш Кузман бусад мэргэжлийн инженер техникийн ажилчидтай Барилга, хот байгуулалтын дэд сайд Г. Байгалмаа уулзаж “Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн  талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийж,  тус үйлдвэрийн хэрэгжүүлж буй технологийн талаар асууж ярилцжээ.

Уулзалтын үеэр Польшийн “Баумат” ХХК, Монголын “Баткарм” компанийн хамтын ажиллагааны талаар мөн асууж сонирхсон байна. Тус хоёр компани нь 2001 оноос эхлэн угсармал хийц эдлэлийн технологийг  Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар хамтран ажиллахаар болжээ.  Угсармал хийц эдлэлийн технологийн үйлдвэрийг манай улсад барьж байгуулахад 24 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.  Иймд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бондын зээлэнд хамрагдах хүсэлтэй гэдгээ Баткарм ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бат-Эрдэнэ хэлж байжээ. “Баткарм” ХХК угсармал хийц эдлэлийн үйлдвэрээ Дархан хотод хуучин керамзитын үйлдвэрийг түшиглэн байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Дэд сайд Г. Байгалмаа: Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэдийг орон сууцжуулах, орон сууцны үнэ өртөг хямд байх, зээлийн эргэх төлөгдөх арга зам, барилгын материалын үйлдвэрийг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах тухай мэдээллийг тэдэнд хүргэн санал бодлоо солилцсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш