Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд харилцан айлчлал тогтмол шинжтэйгээр хийгдсээр иржээ.
Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид 1952, 1959, 1962 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 1954 онд, МАХН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба 1956 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Жаргалсайхан 1960 онд, АИХ-ын дарга Л.Ринчин 1988 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат 1990 онд БНХАУ-д тус тус айлчилсан бол БНХАУ-ын дэд дарга Жү Дэ 1956 онд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Лин Богуй 1959 онд, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоү Энлай 1954, 1960 онд, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пэн Чун 1987 онд, БНХАУ-ын дарга Янь Шанкунь 1991 онд Монгол Улсад тус тус айлчилжээ.
Хоёр орны парламент хоорондын харилцаа 1990-ээд оноос эрчимжиж Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж 1991 оны 6 дугаар сард БНХАУ-д айлчилж БНХАУ-ын дарга Янь Шанкунь, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Вань Ли, орлогч дарга Пен Чун нартай уулзаж хилийн боомтуудыг нээх, авто замын тээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулсан байна.
1994 онд БХАТИХ-ын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид, 2000 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён Ли Пэн-ий урилгаар УИХ-ын дарга Р.Гончигдорж, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2008 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангоугийн урилгаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.
БНХАУ-ын талаас 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши тэргүүтэй төлөөлөгчид, 2001 онд БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газрын дарга Пэн Ибин тэргүүтэй төлөөлөгчид, 2009 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид, 2010 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ху Чунхьхуа тэргүүтэй төлөөлөгчид, 2011 онд БНХАУ-ын ТӨЗО-ны АТХ-ын Байнгын хорооны гишүүн, БШУСЭМ-ийн хорооны дарга Ма Эржүн тэргүүтэй төлөөлөгчид тус тус Монгол Улсад айлчилсан байна.
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт 2011 оны 1 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Монгол Улсад болж, тус чуулга уулзалтад БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Жуньчи айлчлан ирж оролцжээ. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд нартай уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил, эдийн засаг зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцсон байна.
БНХАУ-ын парламент нь нэг танхимтай /БХАТИХ/. БХАТИХ нь 5 жилд нэг удаа сонгууль явуулдаг. Сүүлийн сонгууль нь 2008 онд болсон. Одоогийн БХАТИХ нь 2979 гишүүнтэй. БХАТИХ-ын Байнгын хороо 1 дарга, 13 орлогч даргатай.
Монгол Улсын Их Хуралд Монгол-Хятадын парламентын бүлэг анх 1993 онд байгуулагдсан, 1993-1996 онд УИХ-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, 1996-2000 онд УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэгт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн Ц.Баасанжав, 2004-2008 онд УИХ-ын гишүүн М.Зоригт, 2008-2012 УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар тус тус даргаар нь ажиллаж байв.
Энэ удаагийн УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Батчимэг нар ажилладаг. Тус бүлэг 28 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.