Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн төслийг хүлээлцэх актад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар гарын үсэг зурав. Энэхүү ёслолын дараа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт бэлэглэж буй компьютер, техник хэрэгслийн дээжийг БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод гардуулан өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.