logo

"Алтай Саяны төсөл буюу газрын баялгийг илүү үр ашигтай зохицуулах нь" сэдэвт нийтлэл шилдэгээр шалгарав

2013/01/31
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар шилдэг нийтлэл шалгаруулах уралдаан явуулж энэ сарын 30-нд дүнгээ гаргалаа.  Энэхүү уралдаанд нийт 66 орноос 120 нийтлэл ирүүлсэнээс манай улсад хэрэгжүүлж байгаа "Алтай Саяны төсөл буюу газрын баялгийг илүү үр ашигтай зохицуулах нь" сэдэвт хөтөлбөрийн тухай нийтлэл шилдэг 11 нийтлэлийн нэгээр шалгарсан байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч хатагтай Х.Кларк  шилдэгээр шалгарсан 11 орны Байнгын төлөөлөгч нарт баяр хүргэж, шилдэг нийтлэлийг гардуулав.

Манай улсад хэрэгжүүлж байгаа "Алтай Саяны төсөл"-ийн хүрээнд нутгийн ард иргэдэд газрын баялгийг илүү үр ашигтай зарцуулахтай холбогдсон мэдээллийг олгох, сүү, цагаан идээгээ борлуулах, шинэ зах зээлийг нээх, бэлчээр нутгаа хамгаалах,  зудаас урьдчилан сэргийлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.

Нийт 11.2 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү төслийн хүрээнд нийтдээ 7000 малчин сургалтад хамрагдаж, 7.97 сая гектар газар нутаг хамгаалалтад орсон хэмээн энэхүү нийтлэлд дурджээ. Мөн нутгийн иргэдийн оролцоотойгоор газар нутгийг ашиглах тухай заалтыг Байгаль хамгаалах тухай хуульд шинээр оруулсан нь чухал ач холбогдолтой болсон гэж тэмдэглэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш