logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг У Бангуод бараалхлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг У Бангуод бараалхлаа

2013/02/01
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуогийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

    Ноён У Бангуод дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхлаа. Тэрбээр уулзалтын эхэнд манай улсад саатаж буйд нь талархаад хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг сайжруулахад энэхүү айлчлал чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо мөн халуун дотноор угтаж байгаа Засгийн газрын тэргүүнд талархаад  богино хугацааны энэ айлчлал гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаагаа дурдлаа. Түүнчлэн БНХАУ-ын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилсан.

  Тус уулзалтад Монголын талаас Гүйцэтгэх засаглалийн тэргүүн Н.Алтанхуягаас гадна Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдавга, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын Дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААБОБХ-ныдарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд  Ц.Сүхбаатар болон албаны бусад хүмүүс, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун,  БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу нарын төлөөлөгчид байлцлаа. 

  Ноён У Бангуо уулзалтын дараа  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж гишүүдтэй мэндчилж, чуулганы хуралдааныг сонирхох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд бараалхана гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш