logo
Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

2013/02/02

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.02.01/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.

Улаанбаатар хот нь  хот төлөвлөлтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 5 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, 1954 онд боловсруулсан анхны ерөнхий төлөвлөгөөнд 1963, 1974, 1986, 2002 онуудад тодотгол, шинэчлэл хийгдсэн ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн тав дахь ерөнхий төлөвлөгөөнд 2020 онд нийслэл хотын хүн ам 1.65 сая, үүнээс Улаанбаатар хотын хүн ам 1.15 сая, 2010 онд нийслэл хот 1.135 сая, Улаанбаатар хот 1.0 сая хүн амтай, хүн амын нягтрал 180 хүн/га болохоор тооцсон ч 2010 оны байдлаар нийслэл хот 1.162 сая, Улаанбаатар хот 1.244 сая хүнтэй болсон нь Монгол Улсын хүн амын 40.5 хувьтай тэнцэж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хөгжлийн удаа дараагийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус, зах зээлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн жилүүдэд хот, тосгоны нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого орхигдон засаг захиргааны хөгжлийн удирдлага давамгайлснаас Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын нэгдсэн бодлого алдагдаж, 2000 онд нийслэлийн нэг км2 нутаг дэвсгэрт 162 хүн оршин сууж байсан бол 2010 онд 246 хүн/км2 болж, хүн амын нягтрал төлөвлөснөөс 1.4 хувиар өсчээ. Манай орны хүн амын 40 гаруй хувь нь нийслэл хотод суурьшсанаар Улаанбаатар хотын байгаль орчин гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн төдийгүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлал өндөр болжээ. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн өнөөгийн байдал нь Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжил, хот, тосгоны хөгжлийн бодлого, түүнийг тууштай хэрэгжүүлэх, хяналт тавихад нийцсэн засаг захиргааны бүтэц, удирдлагын тогтолцоо зэрэг төрийн бодлогын түвшинд авч үзэх хот байгуулалтын олон асуудлыг хөндөж байгаа аж.

Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний  тодотгол хийх шаардлагатай болсон юм байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний  тодотголыг баталж мөрдүүлснээр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  урт болон 4 жилийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж, Улаанбаатарын бүс болон хотын нутаг дэвсгэрийн ашиглалт, үүрэг зориулалт тодорхой болж хот, тосгоны хөгжлийн бодлогод тулгуурласан засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тогтолцоо бий болох, хотын болон хот орчмын нутаг дэвсгэрийн тэг гортиг, хил хязгаар тодорхой болж, хүн амын суурьшил, хотын өсөлтийг хот байгуулалтын бодлогоор зохицуулах зэрэг нөхцөл бүрдэн аюулгүй байдал хангагдана хэмээн сайд Ц.Баярсайхан танилцуулсан.

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, 29 дулааны станц барихаар тусгажээ. Тэр станцуудад ямар технологи ашиглах юм бэ. Гэр хорооллыг орон сууцжуулна гээд байгаа. Үүнд хэдий хэрийн хөрөнгө зарцуулах вэ. Гэр хорооллын амьдрал тааруу иргэд яаж байшин барих вэ. Тэднийг яаж дэмжих вэ. Хотыг гоё болгоод хөдөөг орхичихвол хөдөөд хүн үлдэхгүй. Орон нутгийн хөгжлийг хотын хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ. Авто замын хөдөлгөөнийг бусдын эрхэд халдсан байдлаар шийдээд байх уу. Замын бөглөрөлийг хэрхэн арилгах вэ хэмээн асуусан.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр барих орон сууцны хорооллын асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байрлал Нийслэлийн ИТХ-аар дэмжигдсэн байгаа. 10 аймгийн хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг хийх тендерийг зарлаад байгаа. 2013 онд Увс, Баян-Өлгий аймгийн ерөнхий төлөвлөгөө хийгдэнэ. Дархан-Уул. Багануур Налайх, Өмнөговь, Ховд, Төв аймгуудын хот төлөвлөлтийг гаргах тендерийг гадна дотны байгууллагуудын дунд зарласан гэлээ.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр шинээр барих 29 ширхэг дулааны станцад шингэрүүлсэн түлш, хийн түлш ашиглахаар төлөвлөгөөнд тусгажээ. Хотын 400 км гол замыг 1600 км болгохоор тусгасан байна. Хотын зам хороолол доторх салбар замуудтай нийлээд 700 гаруй км байдаг бөгөөд энэ замыг 3000 км болгон нэмэгдүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөгөөнд юуг тусгасан, тэр арга хэмжээ нь ямар үр дүнд хүрэх талаар тодруулсан.

Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-аар 12 байршилд гэр хорооллыг орон сууцны хороолол барих байршлыг тодорхойлсон. Түлш, зуухыг өөрчлөөд асуудал шийдэгдэхгүй байгаа. Шийдэх гол арга бол гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол болгох арга л байгаа. Гэр хорооллын эхний 6 бүсийг орон сууцжуулахад агаарын бохирдол 30 хувиар буурна. Хотын төвийн хэсэг утаагүй болно. Эхний зургаан байршилд гэхэд 47.000 айлын орон сууц баригдана хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Улаанбаатарт нийт хүн амын 40 хувь нь суурьшжээ. Нийслэлд 2030 он гэхэд хүн амын  50.3 хувь нь суурьших нь. Нийслэлийн хүн амын төвлөрөлийг бууруулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ гэж асуулаа.

Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлд суурьшиж хүн амын хөдөлгөөнийг сааруулахаар төлөвлөгөөнд тусгаж байгаа ч олон улсын байгууллагууд хотын хүн ам нэмэгдэн  2 сая давна гэсэн тооцоог гаргаад байгаа. Гадны бусад оронд олон том хотууд байдаг бол манайх ганцхан л том хоттой. Тэгээд хот руу чиглэх хөдөлгөөнийг хязгаарлахад хэцүү. Тийм болохоор хот байгуулалтын үндэсний хэмжээний бодлого гаргах цаг болсон гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш