Мөн гишүүн С.Бямбацогт Оюутолгойн гэрээг байгуулсан нь сайн болсон, гэхдээ зөв бурууг засч сайжруулах нь зүй ёсны асуудал юм гээд хөрөнгө оруулалт өссөн нь бодит тооцоо баримттай тохирохгүй байна, гаднаас өндөр үнээр оруулж ирсэн техник, тоног төхөөрөмж, бараа материалаас бид баялгаа үнэгүй өгчихөөд байгаа юм биш үү гэхэд Ерөнхий сайд “Том ажлын эхлэлийг тавьсан нь үнэн. Гэхдээ дутуу дулимаг, алдаа мадагтай зүйлийг нь сайжруулах ёстой. Засгийн газар компанийн хувь нийлүүлэгчдийн энэ удаагийн хурлаар хөрөнгө оруулалтын бодит баримтыг тодорхой болгох, үнэлгээг бодитой тооцох, хот суурин байгуулах зэрэг асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газрыг төлөөлж оролцох Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандаж хэлэхдээ, “Нью-Йорк таймс” сонины энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дугаарт Рио Тинто компани томоохон хохирол амссанаас болж зарим захирлаа огцруулсан тухай мэдээлсэн байна. Учир нь тус компани Канад, Мозамбик дахь хоёр компаниасаа хасалт хийсэн юм байна. Гэтэл Монголд болохоор хөрөнгө оруулалтын зардал өссөн гэж яриад байдаг. Энэ нь алдагдлаа Монголоос нөхөн гэсэн бодлого юм биш үү гэдгийг хэлээд энэ мэдээлэлд анхаарахыг хүссэн юм.
Асуулт асууж тодруулсан гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын үндэслэлийг бодитой дүгнэж тооцох, цахилгаан станц, суурин бий болгох замаар гэр бүлийг тогтвортой ажиллуулах нөхцөл бий болгох, монгол компаниуд ажил үйлчилгээ гүйцэтгэх оролцоог нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг лавлаж байлаа. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, тэнд ажиллаж байгаа гэр бүл тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байгаа нь үнэн. Иймээс суурьшмал байдал бий болгох талаар эргэлзэх зүйлгүйгээр тууштай ажиллаж, Рио Тинто компанитай ярилцаж шийдэх болно гэдгээ хэллээ. Мөн тус компанийн 2012 оны төсвийг ТУЗ-ийн хурлаар тодорхой нөхцөлтэйгээр баталсан. Хөрөнгө оруулалтад хөндлөнгийн дүгнэлт гаргуулна гэж тохирсны дагуу зөвхөн 2011 оны санхүүгийн тайлантай холбогдуулан гадаад дотоодын хоёр аудитын байгууллагаар шалгалт хийлгэхэд 1 тэрбум 50 сая доллараар хэтрүүлсэн байна гэсэн дүгнэлт гаргасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын зардалд зайлшгүй аудит хийлгэх шаардлагатай байгаа гэдгээ ч хэлж байв.
Мөн Засгийн газраас Оюутолгой төслийн талаар тодорхой мэдээлэл өгч байгаад баяртай байна. Улстөржихгүйгээр ингэж нүүр нүүрээ харж суугаад олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж ярилцаж байгаа нь чухал юм гэдгийг гишүүд хэлж байлаа.
УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон холбогдох сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлголтоо нэр мөр болгох үүднээс Оюутолгойн төслийн санхүүжилт, орд тойрсон зарим асуудлыг Уул уурхайн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас лавлаж тодруулав.
Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээ тойрсон асуудал өмнө нь хэсэг хүний санаа зовсон асуудал байсан бол одоо Монгол төр гартаа оруулж авч байгаа нь чухал юм гээд зарим санаа бодлоо хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, юуны өмнө Монгол Улс одоо Оюутолгойд хууль ёсны байр сууриа эзлэх ёстой. Үүний тулд төслийн гүйцэтгэх удирдлагын багт өөрийн төлөөллийг оруулж ажиллуулах, төслийн санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдлыг хуулийн дагуу явуулж байх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, ил тод болгох нь чухал гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтэд маш их анхаарч бодитой болгох, Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх, бүтээгдэхүүнээ зөөх авто зам барих, эрчим хүчний тухайд Тавантолгойд барих цахилгаан станцаас цахилгаанаа авч байх, Ханбогд сумыг түшиглэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, усны хангамжид анхаарч гүний биш гадаргын усыг ашиглах бодлого барих шаардлагатай байгаа зэргийг хэлээд үүнийг хаана хаанаа нэг мөр барьж, нэгдмэл ойлголттой ажиллах нь чухал гэлээ.
"Оюутолгой бол бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэгчид бол манай түншүүд. Бид гэрээний хэрэгжилтийг хянана, гүйцэтгэлийг хангуулна. Бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг говьдоо үлдээмээр байна. Оюутолгой хуулийг яаж хэрэгжүүлдэг, яаж ил тод, хариуцлагатай ажилладаг соёлыг Монголд үлдээх ёстой" гэдгийг Ерөнхийлөгч энэ үеэр онцоллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.