logo
Хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2013/02/02
Чуулганы энэ өдрийн /2013.02.01/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэд хэдн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Засгийн газраас энэ оны дүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

   Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Р.Гончигдорж нар танилцуулав.  

   Хууль санаачлагч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой цаг хугацаа бүхий шилжилтийн арга хэмжээнүүд, тухайлбал нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хуульчийн гэрчилгээгээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулах, үргэлжилсэн сургалт ба мэргэжлийн дадлагын хугацаааг үргэлжлүүлэн тооцох, Хуульчдын холбоог анхлан зохион байгуулахтай холбоотой арга хэмжээ, хуульчийн шалгалт ба хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлэн тооцохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

   Байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийгхэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс санал гараагүй аж. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн асуулт асуусан бол үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 30 нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

    Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Эдгээр хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулиудын төслийг Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

  Газрын тосны бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах, нэг улсаас хараат байдлаас гарах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн нь стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч учраас энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааг төрийн хяналт зохицуулалттай байлгах зорилгоор бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгож, холбогдох журмыг төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуулийн төслүүдэд тусгасан байна. Ингэснээр бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх нөхцөл, шаардлага, тэдгээрт төрөөс тавих хяналт зохицуулалт тодорхой болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.

   Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.     
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш