logo
Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар  холбогдох сайдуудад үүрэг өгөв

Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгөв

2013/02/04

Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа. Түүнчлэн, Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологитой далд уурхай байгуулах боломжийг судалж шийдвэрлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар шат дараалсан арга хэмжээ авах, тэнд нүүрс олборлодог иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж ажлын байраар хангах зэрэг чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. 

Налайхын нүүрсний ил уурхай хаагдсанаас хойш өнгөрсөн 20 гаруй жилийн турш тус ордод иргэд далд аргаар хувиараа нүүрс олборлож байгаа. Гэвч энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдсэн осол аваар олонтаа гарч, 198 хүн амь насаа алджээ. Засгийн газар, орон нутгаас удаа дараа арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэнд, амь нас хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Далд аргаар нүүрс олборлох явцад угаарын хий ялгарах, гал гарах, агаар дутагдах, хэмжилт тооцоолол, бэхэлгээ хийгээгүйн улмаас нуралт үүсэх зэрэг эрсдэл байнга гардаг Налайхын нүүрсний уурхайд өнөөдөр 1500 шахам хүн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш