Өчигдөр 15.00 цагийн үед Үндэсний номын сангийн Өрнөдахины фондын хажуугийн шатан дээр гал гарсан ч тус байгууллагын ажилчид зохих байгууллагад түргэн хугацаанд мэдэгдсэнээр Гал унтраах 10-р ангийн албан хаагчид галыг газар авхуулалгүй унтрааж чаджээ. Ингэж богино хугацаанд арга хэмжээ авсаны хүчинд ямар нэгэн ном судар болон байгууллагын өмч хөрөнгө сүйдээгүй гэнэ. Үндэсний номын санд сүүлийн сар гаруйн хугацаанд урсгал засвар тэр дундаа цахилгааны засвар хийж, фондууд болон тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж байсан юм. Гал гарах үед ч уг засвар үргэлжилж байсан бололтой. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчид газар дээр нь ирж шинжилсэн байна. Удахгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно.