logo
Намрын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлана

Намрын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлана

2013/02/05
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа парламентын сурвалжлагчдад зориулсан долоо хоног тутмын тоймынхоо 2-р сарын анхны мэдээллийг өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хийлээ.   

   Өндөр хэмжээний айлчлал, нийслэлийн дахин төлөвлөлтөөр амьсгалсан нэгэн долоо хоног өнгөрч, УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдааныг товлосон шинэ долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан шинэ, хуучин хоёр долоо хоногийн гол гол үйл явдлыг тэрбээр базан мэдээлсэн юм. Тухайлбал, УИХ өнгөрсөн долоо хоногт бие даасан 1 хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах 1 хуулийн төсөл, УИХ-ын бүтцэд “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах, Элчин сайд нар болон Хүнийн эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилж чөлөөлөх зэрэг хэд хэдэн тогтоолын төсөл баталсныг Д.Энхтуяа дурдлаа.

   Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар мөн Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 9 хууль, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг УИХ-ын 2 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснийг тэрбээр эргэн сануулаад Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн асуудал дээр тогтож ярьсан юм. “Хоёр хоногийн дараа буюу ирэх Лхагва гарагт Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нээлттэй мэдээлэл хийж, Ерөнхийлөгч байр сууриа илэрхийсэн нь энэ ордыг тойрсон асуудлаар төр, засгийн түвшинд төдийгүй иргэд олон нийт зөв мэдээлэлтэй, нэгдмэл ойлголттой болоход чухал ач холбогдолтой хуралдаан болсон”-ыг тэрбээр онцлон тэмдэглэв.   

    Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох гол үйл явдлын нэг нь БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга У Бангуогийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал болохыг Д.Энхтуяа мэдээлэлдээ цохоод 16 жилийн дараа болсон энэхүү  айлчлалын талаар ГХЯ-наас сэтгүүлчдэд нэгэнт мэдээлэл хийсэн тул энэ үеэр яригдсан гол гол асуудлыг дурдангаа ирж буй долоо хоногт ярианыхаа сэдвийг шилжүүллээ. Түүний өгүүлснээр бол УИХ-ын намрын чуулган ирэх Баасан гарагт завсарлах тул энэ долоо хоногт УИХ ихээхэн ачаалалтай ажиллах төлөвтэй байгаа, намын бүлэг, байнгын хороодын хуралдаанаас гадна УИХ-ын нэг дэд хороо, тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо маргааш хуралдаж Автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах талаар Зам, тээврийн сайд болон нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс мэдээлэл хийх аж.

   Үүнээс гадна нийслэлд нийлүүлж буй утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайдын мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Лхагва гарагт “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Хаягжуулалтын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын төсөл, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж батлах бөгөөд бусад асуудлын хувьд “УИХ энэ долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг шийдвэрлэж, 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталснаар УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган завсарлана, чуулганыг хааж УИХ-ын дарга үг хэлнэ” гэдгийг сэтгүүлчдэд сонордууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш