logo
БГД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байгаа НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоот: Манайх гэр бүлээрээ хуульч

БГД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байгаа НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоот: Манайх гэр бүлээрээ хуульч

2013/02/05

Уншигч та бүхэндээ энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа БГД-ийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байгаа НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоотой хийсэн ярилцлагаа толилуулж байна. Тэрээр томоохон дүүргийн даргаар ажиллаж буй залуу засаг дарга нарын нэг юм.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Баярлалаа. Та бүхэнд болон танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Дорнод нутгийн хүү. 1972 онд төрсөн.  Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ-ын баатар нисгэгч Н.П. Гастеллогийн нэрэмжит 10 жилийн 1-р сургууль,  Орхон дээд сургуулийн хуулийн ангийг бакалавр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрт сурч төгссөн. Одоо МУИС-ийн докторантурт сурч байна.  Манай аавыг Дэмбэрэл гэдэг, хуульч мэргэжилтэй хүн байсан. Тиймээс аавынхаа мэргэжлийг өвлөж хуульч, өмгөөлөгч болсон.

-Аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч болсон байх нь ээ? Гэр бүлээ танилцуулаач?
Тэгж хэлж болно. Ер нь бол манайх хуульч гэр бүл л дээ /инээв/. Би айлын том хүү. Гурван дүүтэй. Хоёр дүү маань хуульч. Эхнэр маань бас хуульч. Гэр бүлийн хүнийг маань Галдаагийн Сувд-Эрдэнэ гэдэг. Мэргэжлийнхээ дагуу 10 гаруй жил ажиллаж байгаа. Оюутан байхдаа нэг ангид сурдаг байсан, оюутан гэр бүлүүдийн нэг дээ. Хоёр хөөрхөн хүүтэй. Хүүхдүүд маань ч өөрсдөө хуульч болно л гэж ярьдаг. Гэр бүлийнхэн маань миний ажлыг ойлгож амжилтын ард тэд байдаг. Эхнэр маань найдвартай ар тал болж, гэр бүлийн бүх асуудлыг зохицуулдаг болохоор санаа амар ажилдаа анхаарлаа хандуулдаг. Ажлын ачааллаас болоод гэр бүлийнхэндээ цаг зав гаргах нь багасч байгаа ч амралтын өдрөө гэр бүлтэйгээ
өнгөрөөдөг тогтсон хэв маягтай.

-Хариуцлагатай алба хашиж байгаа болохоор та одоо хүссэн хүсээгүй олны анхааралд өртөх болсон. Тийм болохоор таны талаар эерэг, сөрөг олон мэдээлэл гарах байх. Энэ бүхэнд хэр бэлтгэлтэй байна вэ?
Ер нь бол бэлтгэл сайтай байгаа /инээв/. Сайн, муугаар бичээд ч эхэлчихсэн шүү дээ. Гэхдээ миний хувьд сайн, муугаар бичүүлэх нь чухал биш. Би өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах талаар докторын судалгааны ажил хийж байгаа хүн учраас бусдын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хамгийн түрүүнд хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог.

-Таны ажлын гол зарчим юу вэ?
Хамгийн гол зарчим бол хуулийн хүрээнд л ажиллах. Дээрээс нь мэргэжилдээ эзэн болох юм даа. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ер нь ажил хэргийг хуулийн хүрээнд л хийж гүйцэтгэх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг.

-Гэмт хэргийн гаралтаар БГД бол нийслэлийн хэмжээнд 3-т ордог байх юм. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь залуучууд байгаа эмгэнэлтэй судалгаа байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Манай дүүрэг гэмт хэргийн гаралтаараа 3-т орж байгаа нь үнэн. Энэ онд бид гэмт хэргийн тоог бууруулах тал дээр эрчимтэй ажиллаж байна. БГД маань өөрөө газар нутаг багатай хэрнээ нягтрал ихтэй, худалдаа үйлчилгээний болон баар цэнгээний газар төвлөрсөн, шилжин явагч, дамжин өнгөрөгч их, хөдөлгөөнтэй дүүрэг л дээ. Тийм ч учраас гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр нилээд эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар томоохон зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд БГД-т гарч байгаа гэмт хэргийн гаралтыг 40 хүртэл хувиар бууруулах юм. Ер нь бол тус дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг 10-20 хувиар бууруулна гэдэг бол баталгаа биш. Зорилгоо өндөр тавьж ажиллахыг Замын цагдаагийн тасаг болон Цагдаагийн хэлтсийнхэнд үүрэг болгосон. Энэ бол боломжтой зүйл.

-Таныг хувь хүн талаас нь мэдэх хүн цөөхөн байх. Яриагаа таны дотоод ертөнц рүү хандуулъя. Таны нэр их содон юмаа. Нэрнийхээ утга учрыг тайлбарлавал?
Хүн нэрээ хайрлаж, бас дээдэлж, утга учрыг нь бэлэгшээдэг. Би ч бас адил. Ээж маань намайг төрүүлэх гээд өвдөөд аав сандран эмнэлэг хүргэж өгөх машин зогсоочих санаатай зам дээр нилээд удаан зогсч байхад нэг машин ирсэн нь Дорнодод байрладаг байсан Оросын элчингийн машин байсан гэдэг. Эмнэлгээс гараад гэр рүүгээ хүргүүлэх унаа хайн зам дээр зогсч байхад өнөөх Оросын элчингийн машин дахиад тааралдаж гэрт хүргэж өгсөн юм билээ. Тэгээд эмээ маань намайг Оросын элчингийн машинаар хоёр ч удаа хүргүүлж ирснийг нь бэлэгшээж Сэсээр гэдэг нэр хайрлая гэхэд аав хүүдээ бүхэл бүтэн улс гүрний нэр өгвөл хүнддэх байх гээд Оросоо гэдэг нэр хайрласан гэдэг. Ер нь хүмүүс яагаад Оросоо гэж нэрлэснийг маань их асуудаг /инээв/.

-Сургуулиа төгсөөд  ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа?
Намайг 1990 онд аймгийнхаа 10 жилийн сургуулиа төгсөх үед Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөөд хамаг юм хөл толгой нь олдохгүй бужигнаж байсан. Би Биеийн тамирын дээд сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй. Сургуульд орж чадаагүй болохоор найзуудтайгаа хамтарч наймаа хийхээр болсон. Яг тэр үед ихэнх хүмүүс ганзагын наймаанд явж эхэлсэн. Тэгээд Орос, Чита, Эрхүү, Хятад руу Манжуур гэсэн чиглэлд ганзагын наймаа хоёр гурван жил хийсэн. Тухайн үедээ өөрсдийгөө болгоод л байлаа. Хэдэн жил наймаа хийж байгаад иртэл аав маань Дорнодын төвөөс жаахан зайдуухан байрладаг Орос цэргийн ангийн талх, нарийн боовны цехийг худалдаад авчихсан байсан. Тэр үед хүнс талх ховор хүнд үе байсан л даа. Тэгээд гэр бүлээрээ нөгөө цехээ ажиллуулж талхаа өөрөө зуураад дараа нь өөрөө шараад аймгийн төвийн зах дээр аваачиж зардаг байлаа. Эхэн үедээ 100-200 талх өдөрт зардаг байж байгаад үйлдвэрээ томруулаад өдөрт 2-3 мянган талх үйлдвэрлэн борлуулж Дорнод аймгаа талхаар хангаж байлаа. Дорнодчууддаа зах зээлийн үед буян болсон гэж боддог. Яагаад гэвэл хүнс ховор тухайн үед яг Оросуудын хийдэг байсан том талхыг манайх л хийж байсан. Дараа нь манайхыг дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болсон. Ингэж л хөдөлмөрийн үр шимийг амсч, зах зээлийн хатуу хөтүүг биеэр туулсан даа. Дараа нь аав маань өөрөө хуульч мэргэжилтэй, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хүн байсан болохоор надад дандаа бизнес хийгээд явах биш сурч боловсролтой болох хэрэгтэй, аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч бол гэж хэлсэн. Тэгээд л би 1996 онд хотод орж ирээд одоогийн Орхон их сургуулийн хуулийн ангид орж сурсан. Ажил хийж байгаад сурсан хүн чинь нэг сурахаараа маш сайн төвлөрч, цаг гаргадаг юм билээ. Би хуулийн сургуульдаа ганцхан “Сонгуулийн эрх зүй” гэдэг хичээл дээр сайн авч бусад хичээлээ онц үнэлгээтэй төгссөн. Ер нь бол 4-н жил онц сурч улаан дипломтой төгсч байлаа. Тэгээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрыг бас онц дүнтэй төгссөн. Одоо МУИС-ийн докторантурт сурч байна.

-Докторын судалгааны ажлаа ямар сэдвээр хамгаалах гэж байна вэ?   
Би “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д 4 жил гаруй эрдэм шинжилгээний ажилтнаар болон багшаар ажиллаж байсан. Миний олж авсан онолын болон эрдэм шинжилгээний ажлын гол чиглэл маань “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” юм. Энэ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторын судалгааны ажлаа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх, түүний эрхзүйн үндсийг шинэтгэх асуудал” сэдвээр хамгаалах гэж байна. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг бол тухайн улсыг ардчилсан байна уу үгүй юу, иргэд үзэл бодлын хувьд чөлөөтэй юу, дарамттай юу гэдгийг харуулдаг хамгийн том шалгуур юм.

-Та мэргэжлээрээ чамгүй олон жил ажилласан байна. Засаг дарга болохоосоо өмнө олон газар мэргэжлийнхээ дагуу ажиллаж байжээ. Энэ талаараа сонирхуулаач?
Хуульч хүнийг нийгмийн инженер гэж хэлдэг. Нийгмийн харилцааны гол араг ясыг бүрдүүлдэг ажил л даа. Би яг арван жил мэргэжлээрээ ажилласан байна. Энэ хугацаанд 2001 оноос олон улсын болон Монгол улсын хэмжээний хэд хэдэн томоохон төслүүд дээр ажилласан. 2004-2005 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисст үндэсний зөвлөх, 2006-2007 онд МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн 2009-2011 онд “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр, 2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийг байгуулан захирлаар, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн “JCI Монгол” ТББ-ын “JCI” Лидер байгууллагын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг хашиж байгаад одоо БГД-ийн Засаг даргаар ажиллаж байна даа. Бас НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын ажлыг хашиж байна.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?
Би багадаа жүдо, самбо бөхөөр хичээллэдэг байсан. Хурдан хөдөлгөөнтэй болохоор энэ давуу талаа ашиглан сайн барилдаж Дорнод аймгийн жүдогийн өсвөрийн АШТ-д 3 удаа аваргалж байлаа. Мөн Зүүн гурван аймгийн жүдо бөхийн АШТ-д түрүүлж байсан. Одоо фитнесээр л хичээллэж байна даа. Элсний волейбол тоглох дуртай. Сүүлийн үед гольфын спортоор хичээллэж байгаа. “JCI Монгол” байгууллагын “JCI Лидер” салбар байгууллагаас гольфийн спортыг хөгжүүлэх талаар нилээд арга хэмжээ авч 3 жил дараалан гольфийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Харин чөлөөт цагаа JCI Монгол байгууллагаас зохион байгуулдаг урлаг, спортын чөлөөт арга хэмжээнүүдэд гэр бүлийнхээ хамт оролцож үр бүтээлтэй өнгөрүүлдэг.

-Нэг үеээ бодвол залуучууд ном их уншдаг болсон байна. Та хэр их ном уншдаг вэ?
Ер нь ном унших их дуртай. Хэдий завгүй байдаг ч гэсэн гэртээ очоод ном уншдаг. Эрдэм шинжилгээний ажил хийдэг байхдаа мэргэжлийн номнууд их уншина бас хувь хүний хөгжлийн, амжилтын, бизнесийн ном уншдаг. Ер нь эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүс чинь юманд цэгцтэй ханддаг болчихдог. Тийм болохоор ч номыг эхнээс нь дуустал нь юу ч үлдээхгүй уншаад хэрэгтэй үг, өгүүлбэрээ тодруулж тэмдэглэдэг болохоор миний ном унших арга барил жаахан удаан байдаг байх. Одоо ном унших арга барилаа, хурдаа сайжруулж богино хугацаанд олон ном унших шаардлага тулгарч байгаа.

-Хүмүүс нутагтаа очоод ирэхээр хийморь сэргээд сайхан болчихлоо гэж ярьдаг шүү дээ? та нутагтаа хэр олон очдог вэ?
Нутагтаа хааяа хааяахан очно оо. Ер нь бол зун очих дуртай. Нутгийнхаа Хэрлэн голын хөвөөнд очих их сайхан. Бага насны дурсамж сэргээд л. Хүүхэд байхад гол руу явна гэхээр их баярлаж гүйлддэг байлаа.

-Монголын Залуучуудын Холбооноос “Би Авлига авахгүй, өгөхгүй” аяныг өрнүүлээд уг аянд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн олон байгууллагууд нэгдээд байгаа. Та болоод танай дүүрэг энэ аянд нэгдэх үү?
Мэдээж нэгдэлгүй яахав. Бидний зарчим нэг юм л даа. Өнөөгийн залуус аливаа муу муухай зүйлээс хол байдаг болсон нь их сайшаалтай. Ер нь авлига авахгүй, өгөхгүйгээр амжилттай ажиллаж, сайхан амьдрах бүрэн боломжтой шүү дээ. Миний хувьд ч арав гаруй жил хуулийн салбарт ажиллахдаа авлига өгч авч үзээгүй явж болоод л байна.
-2013 онд хийхээр төлөвлөөд байгаа томоохон ажлаасаа танилцуулаач?
Ажлаа аваад сар гаран болж байна. Хөндлөнгөөс харахад богино хугацаа ч гэсэн энэ хугацаанд нилээд зүйлийг хийж, судалж, мэдлээ. Энэ жил БГД-ийн агаарын бохирдол өмнөх жилийнхтэй харьцуулахад буураагүй байна. Энэ талаар холбогдох байгууллагад саналаа тавиад боловсруулсан түлш хэрэглэхээс гадна утаагүй зуух ашиглах хосолмол бүс болгон зарласан нь бидний хувьд чухал ажил байлаа. Үүнээс гадна олон том бүтээн байгуулалтыг төлөвлөж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг дуусгах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэх мэтээр яривал нэлээд урт цуваа гарах байх аа.

-Уншигч залууст хандаад юу гэж хэлмээр байна?
Залуу хүмүүс бид жирийн, энгийн иргэн байх эрхгүй. Бид бол идэвхитэй иргэн байх ёстой. Манлайлагч залуучууд нийгэмд эерэг өөрчлөлтийг хийх үүрэгтэй гэж боддог. Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе гэж уриалмаар байна.
 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, цаашдын уран бүтээлд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш