logo
Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчдад үдийн хоол өгнө

Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчдад үдийн хоол өгнө

2013/02/06

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөсний дараа  байнгын хороод тус тусдаа салж хуралдлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг  хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр тодорхойлон тогтоож байхаар зохицуулжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг тодруулах зорилгоор ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагч нарт үдийн хоол өгч байхаар, мөн дотоодын рашаан, сувилалд сувилуулахаар явж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувь нөхөн олгохоор тус тус тусгасан байна. Харин санал хураалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилуулахад дараалал харгалзахгүйгээр үйлчлэх  заалтыг  хуулийн төсөлд нэмж оруулах нь зүйтэй гэсэн  УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн  саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш