УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Иргэний санаачилгын хуулийн төслийн тухай хуулийн төсөл боловсруулан, удахгүй өргөн барих гэж байгаа талаараа танилцуулсан юм.
Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, “Энэ нь иргэдэд хууль шууд санаачлах эрхийг олгох. Өөрөөр хэлбэл, иргэдийн зүгээс гаргасан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх дүрэм, журмыг зохицуулсан хуулийн төсөл юм. Боловсруулаад дуусч байна. Удахгүй өргөн барина. Иргэд Оюутолгой, Тавантолгой, уул уурхайн асуудлаар олон жил байр сууриа илэрхийлсэн. Гэвч энэ асуудлыг улстөрчид хүлээж авдаггүй байсан. Олон жил иргэдийнхээ үгийг сонсдоггүй төр засагтай явж ирсэн. Тиймээс иргэдийнхээ үгийг сонсдог төртэй байхын тулд Иргэний санаачилгын тухай хуулийг гаргаж байгаа. Иргэд улстөрчдийн хуулийг бус өөрсдөө хуулийн төслөө санаачлан гаргадаг болох юм. Иргэдийн гаргасан хуулийн төслийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гурван сар олон нийтээр нээлттэй хэлэлцүүлнэ. Үндсэн хуулинд заасан нийт сонгуулийн насны, санал өгөх эрх бүхий нийт иргэдийн таван хувь нь тодорхой асуудлаар шинээр хууль тогтоол гаргах, дагаж мөрдөж байгаа хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргасан тохиолдолд УИХ заавал хэлэлцдэг байхаар хуульд тусгасан” гэлээ.
Монгол Улсад шууд ардчиллыг хөгжүүлэхэд зориулж энэ хуулийн төслийг барьж байгаа гэдгээ Ж.Батзандан гишүүн онцолж байв. "Иргэн нь хууль санаачилдаг тогтолцоо дэлхийн олон оронд байдаг аж. Тодруулбал, Швейцарьт Иргэний санаачилгын тухай хууль 1999, Испанид 1978, Италид 1949, Германд 1993 онд тус тус санаачлан батлуулсан байдаг. Энэ мэт олон оронд энэхүү туршлагыг хэрэгжүүлж, шууд ардчилалын зарчмыг баримталдаг. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд Иргэний санаачилгын тухай хуулийг өргөн барьж байгаа" хэмээн тэрбээр мөн тодотгов. Иргэд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл гаргахын тулд эхлээд гарын үсгээ цуглуулж, хууль зүйн асуудал хариуцсан байгууллага нь хүлээж авах юм байна. Иргэдээс гарсан саналыг 13 аймагт амьдарч байгаа 100 гаруй мянган иргэн дэмжвал хуулийн төслийг нь УИХ-аар хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгажээ.