Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд XII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Засгийн газрын тэргүүн Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу уг уулзалтыг зохион байгуулсан юм.
Ерөнхий сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Цагаан сар бол Монголчуудын ургийн баяр. Ахан дүүстэйгээ золгож, амар мэндээ эрэн уулздаг учралын баяр” хэмээн тодотгоод уламжлалт баярын энэ өдрүүдэд Монгол Улстай ахан дүүсийн найрсаг харилцаатай улс орнуудыг төлөөлөн ажиллаж буй тэдэнд хүндэтгэл үзүүлж буйгаа онцолсон юм. Түүнчлэн, Монголын Цагаан сарын идээ ундааны онцлог, эдлэл хэрэгслийн утга учир, мэндчилгээний соёл дэгээс танилцууллаа.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Цагаан сарын баярын үеэр монголчуудын түгээмэл баримталдаг ёс заншлыг хэрхэн ойлгох, яаж харилцах энгийн жишээнээс тайлбарласан юм. Хүндэтгэлийн уулзалтын үеэр Дипломат корпусын төлөөлөгчдөд Монголын соёл урлагийн бүтээлүүдээс дээжилсэн ардын урлагийн тоглолт толилуулж, үндэсний идээ зоогоор дайллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.