logo
Ц.Оюунгэрэл сайд МАН-ын дарга Ө.Энхтүвшинд албан бичиг илгээлээ

Ц.Оюунгэрэл сайд МАН-ын дарга Ө.Энхтүвшинд албан бичиг илгээлээ

2013/02/08
2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 11 дүгээр тогтоол гаргаж Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон.
         Энэхүү музейд манай улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн их хэмжээний олдворууд болох АНУ-аас удахгүй эх орондоо ирэх гэж байгаа хоёр Тарбозавр батаар, хоёр Завролоф, хоёр Овирапторын араг яс, байгалийн түүхийн музейд байгаа палеонтологийн үзмэрүүдийг байршуулах юм.
      Харин Засгийн Газрын 11 дүгээр тогтоолоор соёлын үнэт өв болох аварга үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад музейн зориулалтаар баригдсан объект болох В.И.Лениний музейд байршуулах, уг барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
      Тиймээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МАН-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр албан бичиг илгээлээ. Энэхүү албан бичигт уг барилгыг суллан хүлээлгэж өгөх, В.И.Лениний музейд хадгалагдаж байсан улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн соёлын өвийн зүйлсийг хамтран тоолох, хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ хойч үедээ зориулсан Үлэг гүрвэлийн төв музейн ажлыг эхлүүлэх түүхэн үйл явцыг чин сэтгэлээсээ дэмжиж хамтран ажиллахыг хүссэн юм.
     Энэхүү ажлын хүрээнд 1967-1980 онд улсын төсвөөс шууд санхүүжүүлж, тухайн үеийн Соёлын яамны захиалгаар баригдсан тус барилгыг чөлөөлж, төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн В.И.Лениний музейн үзүүллэг, сан хөмрөгт хадгалагдаж байсан үзмэр, эд өлгийн зүйлсийг 2013 оны 2 дугаар сард багтаан тоо ёсоор хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж өгнө үү хэмээн хандаад байна.
     ССАЖЯ-наас уг хүлээлцэх ажиллагааг 2013 оны 2 дугаар сард багтаан хийхээр төлөвлөж байгаа тул ийнхүү холбогдох албаны хүмүүст нь албан ёсоор хандаж байгаа нь энэ юм байна
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш