Хууль зүйн байнгын хороо намрын ээлжит чуулганы сүүлчийн хурлаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт тавих, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эдийн засгийн байнгын хороо хуралдан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Харин Төсвийн байнгын хороо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Д.Эрдэнэбат гишүүн уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.