logo
Шадар сайд Д.Тэрбишдагвыг

Шадар сайд Д.Тэрбишдагвыг "Би чамайг ална" хэмээн заналхийлжээ

2013/02/08
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Г.Баярсайхан  өчигдөр 17.15 цагийн үедМонгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд дайрч орж, "Тэрбишдагва хаана байна" хэмээн хашгичин,  туслахыг нь цааш түлхэж, хүч түрэмгийлэн оронгуутаа мэндийн зөрүүгүй, гартаа барьж орсон савтай усаа өрөөнд цацан, “Д.Тэрбишдагваа би чамайг ална” хэмээн заналхийлсэн хэрэг гарчээ. Тухайн үед Д.Тэрбишдагва сайд өрөөндөө эзгүй жээ.

   Анх Шадар сайд Д.Тэрбишдагва Г.Баярсайханг энэ нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилохыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазарт даалгаж, томилуулж байжээ. Харин сар гаруйхны дараа тэрээр ажлаа өөрийнхөө хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Учир нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрын маргаанаас үүдэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын цалин авдаг байсан цалингийн дансыг   хотын дарга хаасан билээ.  Энэ асуудлаас үүдэн НМХГ-ын дарга Г.Баярсайхан, “Төрийн ажлыг хэтэрхий улстөржүүлж байна. Би ямар нэгэн нам, эвслийн харьяанд байдаг хүн биш. Би бол жинхэнэ, мэргэшсэн төрийн албан хаагч. Төрийн албыг улс төртэй хутгах хэрэггүй. Тиймээс би шударга зүйлийг эрэлхийлж, энэ ажлаа өөрийн хүсэлтээр өглөө” хэмээн мэдэгдэж байв.

    Харин дараахан нь “Би ажлаа хүлээлгэж өгсөн. Үнэндээ бол өөрийн хүсэлтээр гэж байгаа ч хүмүүсийн шахалтаар гарч байх шиг байна. Манай ажилчдыг турхиран өрөөний үүдэнд суулт хийлгэсэн.  МХЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч  Д.Гүнбазар ажлаас чөлөөлөх хүсэлт барьчихсан над дээр орж ирсэн.  Надад зориулсан бичиг гэсэн үг л дээ. Би тэр цаасыг нь шууд урсан. Гэхдээ би ухамсартай хуульч хүний хувьд цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа ажилчдаа бодоод ажлаа хүлээлгэж өгөхөөр шийдсэн. Надад дарамт шахалт үзүүлсэн гэж бодож байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг хэлэлцсэн хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор миний томилгоог цуцлах асуудал гэнэт яригдаж эхэлсэн. Учир нь шүүх хурлын шийдвэр гарсаны дараа МАН-ынхан болон МХЕГ-ын удирдлагууд шөнө дунд намайг дуудаж, хууль бусаар буюу хууран мэхэлж ажлаас татгалзах өргөдөл бичүүлсэн. Уг нь тэр өдөр Д.Гүнбазар эмнэлэгт хэвтэж байсан чинь намайг ажлаас огцруулах зорилгоор эмнэлгээсээ гарсан байсан. Тухайн үед Д.Тэрбишдагватай уулзаад “МХЕГ-ын дарга Д.Гүнбазар намайг хүчээр өргөдөл бичүүлсэн. Би ажлаа хүлээлгэж өгмөөргүй байна. Миний өргөдлийг хүчингүй болгож өгөөч” гэж хандсан. Гэтэл Д.Тэрбишдагва сайд шууд “Боломжгүй” гэсэн хариулт хэлсэн. Яагаад надад ингэж хандсаныг нь гайхаж л байна” хэмээн тайлбарлаж байв.

Энэ бүхнээс үүдэн Г.Баярсайхан өш санаж явсан бололтой. Өмнө Хууль зүйн сайдад заналхийлсэн асуудал гарч байсан. Харин энэ удаа  Нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны даргаар сар гаруйн хугацаанд ажиллаад халагдсан Г.Баярсайхан ажлаас халагдсанаа хорсож ийнхүү Шадар сайдыг заналхийллээ..
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш