logo
Сайд Л.Гантөмөр олон улсын Боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцоод ирлээ

Сайд Л.Гантөмөр олон улсын Боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцоод ирлээ

2013/02/09
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2013 оны нэгдүгээр сарын 27-31-ны өдрүүдэд Лондон хотноо Боловсролын сайд нарын чуулга уулзалт "Боловсрол дэлхийн форум"-д оролцоод иржээ. Дэлхийн 101 орны боловсролын сайд нарын уулзалтын гол сэдэв нь "Тоо, чанар, үр дүн"-д чиглэсэн бодлого байсан юм. Мөн  хүүхэд, суралцагч бүрийг хөгжүүлэх асуудлыг хөндөн ярилцжээ.   

"Боловсролын тоо, чанар, үр дүн" сэдвийн хүрээнд тоо, чанарын үзүүлэлтийг сайжруулах бодлого, түүнд тулгарч болох бэрхшээл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого, багшийн арга зүйг чанаржуулах үндэсний хэмжээний зорилгодоо хүрэхэд боловсролын салбарын үр нөлөөг тодорхой болгох, суралцагчийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр зэрэг мэдээллүүд хийгдэж, санал солилцох ажлууд зохион байгуулагдсан юм.

Мөн энэ үеэр орон орны боловсролын сайд нар өөрсдийн оронд боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийгээ шийдвэрлэж буй арга зам, хүүхэд нэг бүр, багшийн арга зүйг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцааны технологийн ололт, амжилтыг ашиглах туршлага, боломжуудын талаар санал солилцсон байна.

Чуулганы үеэр болсон бас нэгэн  чухал арга хэмжээ  бол Английн боловсролын сургалт, технологийн үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь боловсролын салбарт шинээр орж ирж буй шинэ технологи, тоног төхөөрөмж, смарт самбар, программ хангамжийн зэрэг чиглэлийн ололт амжилтуудыг дэлгэн харуулсан байна. Микрософт, Интел зэрэг олон орны пүүс компани, бэлтгэн нийлүүлэгч оролцсон уг үзэсгэлэн нь шинэ бүтээгдэхүүн, ололт амжилтуудаасаа танилцуулсан, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх суурийг тавих таатай боломж бүрдүүлжээ.

Сайд Л.Гантөмөр Боловсролын сайд нарын форумд оролцохын зэрэгцээ Британийн Парламентийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан   орлогч төрийн сайд Эдуард Тимсон, Кембриджийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн гүйцэтгэх захирал Анн Путис, Интел компанийн дэд ерөнхийлөгч Брайн Гонсалес болон Жон Девис нартай уулзаж, манай орны боловсролын салбарт хийгдэж буй чанарын шинэчлэлийн бодлого, цаашид хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Дээрх уулзалтуудын үр дүнд тус улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад манай орноос суралцах магистр, докторын тоог нэмэгдүүлэх, энэ дотроо боловсрол судлалын чиглэлээр мэргэжилтэн, судлаач бэлтгэх, үндэсний стандарт, хөтөлбөр бэлтгэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, суралтад мэдээлэл, харилцааны технологийг ашиглах талаар харилцан тохиролцсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын энэхүү айлчлалын үеэр хийгдсэн чухал уулзалтуудын нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаман дээр болсон Чевнингийн тэтгэлэгийн асуудал байсан юм. Чевнингийн тэтгэлэгийн сангаар сүүлийн 20 жилийн хугацаанд Оксфорд, Кент зэрэг ИБУИНВУ-ын дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад Монгол Улсын иргэдийг суралцуулж, манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Ц.Цагаанхүү тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны уг тэтгэлэгийг хариуцсан мэргэжилтэн  Лидия Мунхоландтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан ярилцсан байна. Тэд чевнинг тэтгэлэгт хамрагдах монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш