Батлан хамгаалах салбарын ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг сар шинийн босгон дээр Батлан хамгаалахын сайд гаргалаа.
Уг тушаалаар :
- БХЯ, ЗХЖШ, харьяа анги, байгууллага харьяалалдаа буй ахмад настнуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах,
- Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэн БХЯ, ЗХЖШ, харьяа анги, байгууллагад “Ахмадын сан” байгуулан мөнгийг нь жил бүрийн төсөвт тусгаж зохих журмын дагуу зарцуулах,
- Ахмад настнуудыг цагаан сар, Ахмадын өдрийг тохиолдуулан жилд 2 удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байх,
- БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороо “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-тай гэрээ байгуулан ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байх,
- Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ахмад настанд зориулсан тасаг нээх,
- Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарт тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа Батлан хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан, харьяалалгүй байгаа ахмадуудын бүртгэл судалгааг гарган орон нутгийнхаа ахмадын байгууллагад харьяалуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байхыг үүрэг болгосон юм.