logo
Сүүн сар

Сүүн сар

2013/02/11
Учир мэдэх ахыг  цагаан сараар заавал нэг зорих. Учирлан золгох бүрт  тэр “хүү, цагаан”-д нь эхлээд хүр гэх. Их л ухааруулж  мэдэх энэ эгэл эрхэм “цагаан”-ыг яагаад ингэж эрхэмлэв ээ. 

Сар гэдэг он тооллолын хэмжүүр багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд их байх. Ийм л жаягаар олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид л харин цагаан өнгөөр билэгшээв үү дээ.

Хавар. Хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүүн сар. Энэ сар цагаан идээтэй эргэн золгох баярт мөч. Хаврын эхний өдөр ирнэ ээ гэдэг тэдний хувьд сүү, цагаан идээтэй удахгүй золгоно оо гэсэн үг.  Ийм ч учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний өнгөөр илэрхийлж баярлаж, сүүн өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясана.Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ ээ, тэд.

Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал.

Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшдөдөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийллийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухаарлуулж баясгана. Үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, залбирч баясана.

Цагаан сарын баяр эрт цагт ийм л сүүн. Сүүн учраас тэр хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, цагаан. Эрт цагийн сүүн сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл их ногоон.

 Цагаан сарын баяраар учир мэдэх ахыг заавал нэг зорих. Учирлаж очих бүрт тэр  “цагаан”-д нь эхлээд хүр гэх.  Ихээ учирлаж мэдэх эрхэм эгэлийн энэ үгэнд энгүй ухаан их шингээстэй. 


Ц.Лувсандорж
2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш