АНУ-ын гадаад өр 14 триллион долларт хүрч Нэгдсэн Улсын эрх баригчид өр, зээлийн лимит буюу дээд хэмжээг нэмэх үү, хасах уу гэдэг дээр ширүүн маргаж байгаа. Тэгвэл АНУ-ын өр хаанаас үүдэлтэйг эдийн засагчид тооцоолж байна. 1 Америк долларын 20 хувь нь батлан хамгаалах салбарт, 19 хувь нь батлан хамгаалах бус салбарт, 6 хувь нь зээлийн хүүнд. Харин 55 хувь нь мандатори буюу зайлшгүй хэрэгцээнд зарцуулагддаг байна. Зайлшгүй хэрэгцээний 55 хувь дотроо нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжинд 37 хувь, 23 хувь эрүүл мэндийн халамж үйлчилгээнд, 15 хувийг ядууст зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжинд, 8 хувийг ажилгүйдлийг бууруулахад, 16 хувийг бусад салбарт зарцуулдаг байна. Тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн халамж үйлчилгээний зардал нийлээд 75 хувь хүрч байгаа нь хэт их зардал болж байна гэж сөрөг хүчин болох Бүгд найрамдах намын лидер, төлөөлөгчдийн танхимын олонхийн бүлгийн ахлагч Жон Бейнор Обамагин засаг захиргааг хүчтэйгээр шүүмжилж байгаа. Батлан хамгаалах бус нийтийн үйлчилгээнд нийгмийн үйлчилгээ, нийтийн тээвэр, ахмад дайчдын тэтгэвэр зэрэг багтдаг. Зарцуулалт ихсэх тусам алдагдал болон өр нэмэгдэнэ. Одоогоор нийт өр 14 триллион долларт хүрээд байгаа. Өөрөөр хэлбэл Америкчуудын зарцуулж байгаа 1 доллар болгоны 40 центийг бусдаас зээлж авч байна гэсэн үг юм. Эрх баригчид өрийг багсгана гэж ярилцаж байгаа. Өр багассан ч гэсэн АНУ-ын хүн ам ерөнхийдөө хөгширч, жил ирэх тусам тэтгэвэрт гарагсдын тоо нэмгэдэж байгаа учир алдагдал буурахгүй, нэмэгдэж өрийн хэмжээг ихэсгэнэ гэсэн тооцоо гарч байгаа юм. 40 цент 50-60 болж өсөх магадлалтай байгаа гэж эдийн засагчид анхааруулж байгаа юм.