logo
Шатахууны үнэ барихад чиглэсэн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ гэж дүгнэв

Шатахууны үнэ барихад чиглэсэн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ гэж дүгнэв

2013/02/17

"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Иймд Монголбанк, Уул уурхайн яам хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрөгч оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч 11 компанид 3.8%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Сүүлийн гурван сарын гадаад үнийн цочир өсөлт дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд дарамт багатай туссан нь хөтөлбөрийн чухал үр дүн гэж Уул уурхайн яамнаас танилцууллаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон эерэг үр дүн, статистик үзүүлэлт гарчээ. 2011 оны 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдан дизель түлш литр тутамдаа 310 төгрөгөөр өсч байсан, өнгөрсөн оны эхэн үед нэг хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнийг 250 төгрөгөөр нэмж дотоодын зах зээлд доргилт өгч байсан зэргээр сүүлийн жилүүдэд тулгарсаар ирсэн эрсдэл энэ жил дорвитой буурчээ. Өөр нэгэн том үр дүн бол гадаад зах зээл дээрх үнэ өсөхөд дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн явдал. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26%-иар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28%-иар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6%-иар л нэмэгджээ. 

Манай улс шатахууныг 100% импортоор авдгийн 91%-ийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг. 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгаанаас үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувь эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байдаг аж. Гэтэл манай улсын шатахуун дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлдэг тул ийнхүү тухайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын гишүүд дүгнэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш