“Бодь” групп, “Женко” групп хамтран үүсгэн байгуулсан “Монголиан Эйрлайнс Групп” хэмээх Монголын иргэний агаарын тээврийн отгон компанийн 30 хувийн хувьцааг Монголын алт корпораци 2011 онд худалдаж авч байсан. Тэгвэл он шилжих мөчид МАК-ын ерөнхийлөгч тус компанийн 70%-ийг худалдаж авах шийдвэр гаргажээ. “Монголиан Эйрлайнс Групп”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хоролсүрэн “Ганц худаг”-т хоригдохоос өмнөхөн МАК-ийн нэр дээр том хувьцаа нь шилжсэн байна. Зарим хүмүүс үүнийг Хоролсүрэн тэргүүтэнгүүд хийдгээ хийгээд, олдог мөнгөө атгаад аавын хаалга татжээ гэж хардаж байгаа ч цаг хугацааны хувь наймаа нь ингэж таарсан гэх тайлбар ч байгаа юм. Ямартай ч МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Монголиан Эйрлайнс Групп”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзан тус компанийн 70%-ийг эзэмших болсон, мөн хоёр шинэ онгоц авахаар төлөвлөсөн, компанид санхүү болоод менежментийн хувьд томоохон хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Харин “Монголиан Эйрлайнс Групп”-ийг худалдаж авсан нь нэг их том төсөл биш бөгөөд цаашид МАК-ийн хувьд Монгол улсад тэргүүлэх зэрэглэлийн томоохон бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа гэжээ. Гэвч МАК-ийн босс авиа компани эзэмших болсондоо бас ч сэтгэл хангалуун байгаа бололтой. Тэрээр эхнэртэйгээ хамт хуваарьт нислэгээр гэнэт аялж онгоцныхоо ахмад болон ажилтнуудтай уулзаж, судалгаа хийжээ. Харин охин Н.Цэлмүүнээ “Монголиан Эйрлайнс Групп”-ын гүйцэтгэх захирлаар томилох болсон тухай мэдээлэл байгаа юм.
Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайширын мэдэлд очсондоо “Монголиан Эйрлайнс Групп”-ын хамт олон магнай тэнэгэр байгаа гэнэ. Учир нь сүүлийн үед тус компанийн санхүү хүндэрч ажил нь унасан төдийгүй үйлчилгээний чанар муу байгаа талаар үйлчлүүлэгчдээс нь гомдол тасрахгүй болоод байжээ.
Д.Билгүүн