logo
МОнголд ганц байдаг аварга могой сургагч

МОнголд ганц байдаг аварга могой сургагч

2013/02/21
Энэ удаагийн “Бидний бахархал” буландаа МЗХ-ноос зохион байгуулсан “Шилдэг залуу” тэргүүний залуучуудын харшийн наадмаар хүрэлцэн ирсэн зочдыг “Аварга могой”-н үзүүлбэрээрээ алмайруулж чадсан авъяаслаг залууг урьж оролцууллаа. Түүнийг Цэдэнбалын Өсөхжаргал гэдэг. “Циркус Монголиа Хадагаа” компаний агаарын гимнастикийн жүжигчин, аварга могой сургагч, “Харти” фитнес клубын иогийн багшаар ажилладаг бөгөөд бидний саналыг хүлээн авч мэргэжил болон аварга могойныхоо тухай ярьсан юм.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Циркийн жүжигчин гэдэг авъяасаас гадна асар их тэвчээр шаарддаг болохоор хүн бүр циркчин болоод байдаггүй. Та яагаад циркийн жүжигчин болсон юм бэ? Шантрах үе байсан уу?
-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа. Циркийн жүжигчин гэдэг нэр дуртай хүн бүхэнд олддог нэр биш  гэж би  боддог. Цирк гэдэг өндөр босгыг давахын тулд нилээн их тэсвэр тэвчээр шаардана шүү. Миний хувьд бурхан надад гарын хүч илүү заяасан юм болов уу гэж боддог.  Агаарын гимнастикийг хийхэд өөрийгөө даах гарын хүчтэй байх хэрэгтэй. Агаарын гимнастикт нэг бол чад, эсвэл үх л гэсэн хоёр зам байдаг гэж би боддог. Хэдэн метрийн өндөрт амь насаараа дэнчин тавиад үзүүлбэрээ үзүүлдэг болохоор их тэвчээр хэрэгтэй л дээ. Гэхдээ дэндүү сайхан, гоё ч урлаг. Би циркт хожуу орсон. 10 жилд байхдаа барилддаг, чөлөөт бөхийн тамирчин байсан. 1999 онд тэмцээнд орж байгаад бөөрөө гэмтээгээд барилдаж чадахаа больсон юм.  Тэгээд л циркчин болохоор шийдээд агаарын гимнастикаар хичээллэсэн.  “Монголын гимнастикийн холбоо”-ны тамирчин, агаарын гимнастикийн жүжигчин ах нарыг дагаж бэлтгэл хийж анх циркрү орсон доо. Хүмүүс шантрах үе байсан л гэж ярьдаг. Надад бол шантрах үе байгаагүй. Багаасаа спортоор хичээллэж тэсвэр тэвчээр суучихсан байсан, дээрээс нь гартаа жаахан хүчтэй болохоор агаарын гимнастик хийх тийм ч төвөгтэй байгаагүй л дээ. Гэхдээ хүнд бэлтгэл, тоглолтын үеэр эрсдэлтэй үе зөндөө байсан.

-Таны хувьд санаанаас гардаггүй агаарын гимнастикийн үзүүлбэрээ хаана үзүүлж байсан бэ? Мэргэжлээрээ ажиллахын аз жаргалыг хэзээ мэдэрдэг вэ?
-Тоглолт болгоны дараа үзэгчидийн алга ташилтаар шагнуулаад зогсож байх дэндүү их аз жаргал байдаг даа. Европын болон Азийн орнуудаар олон удаа тоглолт хийж байсан. Агаарын гимнастикийн үзүүлбэрийг Европын үзэгчид сэтгэл өндөр хүлээж авдаг. Ер нь тэгээд агаарт нисч байгаад бууж ирээд ёслох сайхан байдаг. Өнгөрсөн жил бурхан багшийн их дүйчин өдрөөр шинэ спорт цогцолборт би анх ниссэн. Бурхан багшийн их дүйчин өдөр байсан болохоор заал дүүрэн настай хүмүүс байсан. Би ном уншиж байсан лам нарын дунд лам хувцастай сууж байгаад ниссэн л дээ. Тэгэхэд бүх хүмүүс намайг хараад залбирч байсан л даа. Настай хүмүүс номын хүчээр нисч байна гэж бодсон юм байлгүй. Тэр үед их сайхан санагдаж байсан даа  /инээв/. Ер нь газраас тасарч, хол ч бай ойр ч бай нисэх гоё шүү дээ.

-Та олон оронд очиж үзүүлбэрээ үзүүлж байсан гэлээ. Орон орны үзэгчид ялгаатай байх уу? Таны агаарын үзүүлбэрийг хэр хүлээж авдаг вэ?
-Газар газрын үзэгчид өөр байдаг. Ирландын үзэгчид ерөнхийдөө их даруухан, сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Харин бусад орныхон үнэхээр эмоцитой. Манай Монголын үзэгчид хоёр янз байдаг. Бөхийн өргөө болон циркд  би олон удаа ниссэн л дээ. Хүүхэд, залуучууд, бол үнэхээр эмоцитой  гоё хүлээж авдаг. Хөгжим сонсогдохгүй болтол алга ташиж дуу алдана шүү дээ. Зарим нисэх үед чив чимээгүй болох үе зөндөө. Манай үзэгчид кайф авахаасаа илүүтэй уначих вий гэж санаа зовоод байдаг юм шиг санагддаг. Ер нь тэгээд янз бүр дээ.

-Нисэж үзэх хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Харин та тэр мөрөөдлөө биелүүлж чадсан. Гэхдээ манайд аюулгүй байдал талаасаа хэр найдвартай байдаг юм бол?

-Аюулгүй байдлын талаар хэцүү л дээ. Европын орнуудад бол нэг хотод нь очиж тоглоход агаарын аппаратураа  зоосны дараа мэргэжлийн хяналт юмуу хотын захиргаанаас нь  хүмүүс ирж техник нь найдвартай гэсэн гарын үсэг зуруулж авдаг.  Ер нь бол аюултай л даа. Амь насаараа дэнчин тавьж тоглож байна л гэсэн үг. Тайзны үзүүлбэрт бол алдаа гаргаж болно. Дараа нь дахиж алдахгүй байхад болдог бол агаарын үзүүлбэрт нэг л алдаа гаргах юм бол дуусна. Тийм болохоор агаарын үзүүлбэр хийдэг техник хэрэгслээ би өөрөө дандаа шалгадаг. Хүний хийсэн юман дээр итгээд гарахад хэцүү байдаг юм. Гадны циркийнхан техник хэрэгслийг байрлуулдаг тустай хүмүүстэй. Тэр хүмүүсийн дараа би заавал өөрөө шалгадаг. Магадгүй тухайн хүн анхаарлаа сарниулаад боолтыг нь дутуу чангалсан ч байж болно. Европын орнуудад аюулгүй байдал алдагдсанаас болж унаж бэртэх, тахир дутуу болох тэр ч бүү хэл амь насаа алдах тохиолдол гардаг.

-Та бэртэл авч байсан уу?
-Тоглолтын үед бол анхаарал болгоомжлол дээд цэгтэй байдаг л даа. Бэлтгэлийн үед 2, 3 метрээс унах үе зөндөө байсан. Гар хөлөө тулгахаас эхлээд жижиг бэртэл гардаг. Гэхдээ аль болох анхааралтай байж бэртэхгүйг хичээдэг.

-Монгол улс циркийн үзүүлбэрээрээ бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Өндөр түвшинд байдаг. Дэлхийд Монгол цирк дээгүүрт явдаг шүү. Саяхан манай хамтлагийнхан Хятад улсын  Уухайн хотноо болдог олон улсын тэмцээнээс хүрэл цом, мөн тэрний өмнө нь улс орны бүх шилдэг циркчид ирж оролцдог спортоор бол олимптой дүйцэхүйц “Монти Карло” тэмцээнээс бас хүрэл цом авсан. Ер нь дэлхийн мундагуудтай л өрсөлдөөд оролцсон тэмцээн бүртээ эхний тавд багтаж чадаж байгаа нь ямар түвшинд явж байгааг харуулж байна шүү дээ. Саяхан манай жүжигчин Э. Лхагва- Очир Италид болсон тэмцээнээс хүрэл цом авсан байна лээ.
 
-Тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаад явж байгаа циркийн жүжигчдээ төр засгаас хэр харж үздэг юм бол. Зардал мөнгөө яаж зохицуулдаг юм бэ?
-Миний бодлоор манай циркчид биднийг харсангүй энэ тэр гэж яриад байдаггүй бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Улсын цирк гэж ямар сайхан том айл байлаа. Одоо байхгүй болчихсон.  Монголын циркийг харж үзэх тал дээр үнэхээр хүнд л байна. Доороос бэлтгэгдэж байгаа залуу жүжигчид гэж бараг л алга. Бэлтгэл сургуулалт хийх газар байхгүй, Дашчойлон хийдийн хажууд байдаг хүйтэн зааланд мэргэжилдээ дуртай, зүрх сэтгэлтэй хэдэн багш нар л хэдхэн хүүхдүүдийг бэлтгэл хийлгэж байна. Гэтэл бусад орны циркийн жүжигчид ямар өндөр хангамжинд бэлтгэгдэж  байна вэ. Жишээ нь гадаадын  жүжигчин тэмцээнд орохоор ирэхэд массажист, эмч,сэтгэл зүйч  витамин тэжээлийг нь өгдөг хүн нь дагаад явдаг.  Хөөрхий бид нар бол өөрөө мөнгөө халааснаасаа гаргаж төлөөд л хувцсаа чирээд ганцаараа л явдаг. Ийм их ялгаа байдаг ч бид төр засгаас харахгүй байна гээд гараа хумхиад суулгүй явсан тэмцээнээсээ заавал юм “зулгаадаг”. Улс орныхоо нэрийг өндөрт өргөөд л явж байна.

-Шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ тал дээр анхаарч хамгийн түрүүнд юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Нэн түрүүнд Монголд циркийн сургууль хэрэгтэй байна. Бид талх хийхийн тулд гурил хэрэгтэй, гурил хийхийн тулд будаа хэрэгтэй, будаа олохын тулд үр хэрэгтэй шүү дээ. Үүнтэй яг адилхан, тэр үрийг тарьж өгдөг циркийн сургууль хэрэгтэй байгаа юм. Одоо уран нугаралтаас өөр циркийн үзүүлбэр бараг л гарахгүй байна. Уран нугаралт бэлтгэл хийх орчин голдоггүй учраас айлын жижиг өрөөнд ч бэлтгэлээ хийж болдог. Гэтэл агаарын гимнастик болон бусад төрлийн үзүүлбэрийг бэлдэхэд орчин чухал. Би бэлтгэлээ хийе гэхээр өндөр таазтай газар Бөхийн өргөө, шинэ спорт цогцолбор хоёр л байна шүү дээ. Намхан таазтай газар бэлтгэл хийж байгаад өндөр таазтай газар тоглолт хийхээр орон зай, гүйх хугацаа гээд шал өөр байдаг. Хамгийн түрүүнд төр засгаас бололцоо боломж байдаг юм бол цирк гэдэг урлагийг хөгжүүлье гэж бодвол циркийн сургууль барих хэрэгтэй байна даа.

-Одооны хүүхдүүд цирк гэж мэдэхээ больчихсон юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ яг үнэн. Одооны хүүхдүүд цирк гэж бараг мэдэхээ больж байна. Циркгүй улс орон гэж байхгүй л байх. Гадныхан бол циркийг нэн түрүүнд л тавьдаг. Циркийн урлаг бол  гоо сайхан,эр зориг, эрч хүч, энэ бүхнийг төгс  бүрдүүлж чаддаг гайхамшигтай урлаг шүү дээ.

-Та аварга могой сургагч. Одоо яриагаа могой сургагчийн ажлын талаар үргэлжлүүлье гэж бодлоо. Та могойгоо анх хаанаас авч байсан юм бэ?
Могой маань Монголд ирээд таван жил болж байна. Би 2008 онд Туркт ажиллаж байхдаа Гүржийн могой сургагч залуутай хамтарч ажиллаж байсан. Тэр үеэс могойд ойртож эхэлсэн дээ. Манай могой бол пайтон үйлдрийнх. Ийм үйлдрийн могой бол их тайван, хэмжээгээрээ ч их томордог амьтан л даа. Дэлхийд 8, 10 метрийн урттай  пайтон ч  байна. Манай могой бол одоогоор Монголд байгаа хамгийн том  пайтон. Би хамтлагийн нэг дүүтэйгээ хамт тоглуулдаг. Энэ жил могой жил гарах гэж байгаа учраас шинэ жилээр олон байгууллагын шинэ жил дээр уригдаж тоглосон.

-Могойг Монголчууд лусын амьтан гэж их хүндэтгэдэг. Нохой ч юм уу муурыг сургахад хялбар байдаг. Гэтэл могойг сургадаг гэхээр их сонин байна л даа. Хэр сурцтай амьтан юм бол?
-Сурцтай амьтан. Лимбэ тоглохоор бүжиглэдэг биз дээ /инээв/. Ер нь бид нар олон төрлийн могой авчирч сургах бодолтой байгаа. Австралид бол хачин гоё өнгөтэй өвөрмөц могойнууд олон байдаг л даа. Тэндхийн могой судлаачидтай холбоотой байдаг. Энд авчиръя гэхээр чирэгдэл ихтэй л дээ Улс хоорондын амьтан солилцоо гээд гаалиар гарахад хүндрэлтэй байдаг юм билээ. Жишээ нь Туркт байхад 4 метр гаруй урт пайтоныг би тоглуулдаг байсан тэр ч надад их дасчихсан байсан. Тэгээд нутаг буцахад тэр могойны эзэн намайг чи аваад яв гэхээр нь би аваад ирдэг ч юм билүү гэж бодсон л доо. Гэтэл зөвхөн Түркээс аваад гарахад  л 8000  доллар хэрэгтэй болсон. Тэгээд хоёр, гурван улс орон дамжиж ирэхээр юу болох уу?  Aвсан цалингаа өгөөд ч дийлэхгүй өрөнд орох байлгүй дээ /инээв/.

-Таны “Хайрхан” хэдэн настай вэ? Нас нэмэх тусмаа уртсаад л байдаг уу?

-Энэ төрлийн могой дунджаар 20 гаруй насладаг. Манай хайрхан 8 настай. Ид залуу насандаа явж байна даа. Анх өндөгнөөс гарахдаа 20 см орчим л урттай байдаг. Тэгээд урт болоод л байна шүү дээ

-Хайрхан туулай иддэг гэж сонссон?
-Ер нь бол пайтон үйлдрийн могой махчин амьтан шүү дээ  Туулай иддэг.

-Хүнийг хатгах уу? Хатгавал хортой юу?

-Хортой . Хазуулвал хорыг нь гаргадаг эм тариа бэлдмэл байнга бэлэн байдаг. Гэхдээ дасчихсан хүндээ бол гайгүй ээ. Хааяа бас муухай ааш гаргана аа. Яг тоглолтонд орох үед ааш нь хөдлөх үе ч байна. Тэр үед нь тайвшуулаад л тоглолтондоо гарна даа

-Тэгвэл “хайрхан” та хоёр чинь найзууд шиг л байдаг байх нь ээ?
Тэгэлгүй яахав. Могой чинь хүнд дасамтгай их эрх амьтан. Хааяа тоглолтын үеэр гэртээ авчраад орон дээрээ унтаж байхад хөнжилд ороод ирдэг. Анх би бусдын л адил могойноос их айдаг байсан. Тэгээд могойтой ажиллаж эхэлснээсээ хойш айх биш бүр их сонирхдог болсон. Хөдөө гадаа явж байхад жижиг могой таарвал барьж үзмээр санагдана. Гэхдээ догшин газрын лус савдагийг хөндчихвий гээд хамаагүй оролддоггүй л дээ. Монголчууд ярьдаг даа, могой илсэн хүн бариач болдог гээд л . Ер нь би хайрханаасаа эрч хүч авдаг.

-Бүх төрлийн могойг сургах боломжтой болов уу?
-Дэлхийн хамгийн хортой Кобро гээд могой байдаг. Хүн хазуулаад 2 цагийн дотор яаралтай тусламж авахгүй бол шууд л үхэлд хүргэх аюултай. Гэтэл тэр могойг урд зүгийнхэн их сургадаг. Хөгжмийн аянд дээшээ өндийж бүжиглэдэг могой чинь Кобро. Ер нь миний бодлоор сургаж болдоггүй могой гэж байдаггүй байх аа.

-Тэгвэл таньд Монгол могойг сургах бодол байна уу?
-Монголын уул усыг догшин гэж ярьдаг гэж би дээр хэлсэн. Уг нь бол болох байлгүй дээ. Гэхдээ манайд өнгө өнгийн сонин содон могой ховор байдаг. Ихэвчлэн саарал, цагаан өнгийн могой л бий. Үзүүлбэр үзүүлэхэд могой нь тод гоё өнгөтэй байвал хүмүүст илүү хүрэх байх л даа.

-Гадаадаас дахиж могой авчрах уу?
Авна даа. Ер нь тэгээд могойноос өөр матар, усны үхэр, далайн гахай ч юм уу сонин амьтад авчрах бодол байгаа шүү. За тоглосон юм аа.
/инээв/.

-Гадны өөр орноос авчирсан могой манай орны уур амьсгалд хэр хурдан дасдаг юм бол?
-Манай могой халуун орны амьтан. Хайрханаа +25-+35 градуссын халуунд байлгах хэрэгтэй. Одоо халуун шилэн хоргонд байдаг. Орчных нь температурыг  +20-оос буулгаж болохгүй. Монголын нөхцөлд хээрийн могойны ичээний цаг. Шинэ жил гэдэг бол ид унтдаг цаг нь. Гэтэл тоглолтоо үзүүлээд л яваад байна шүү дээ. Гэхдээ халуун орны могой унтаад байдаггүй юм байна лээ. Монголд ялангуяа өвлийн улиралд жаахан унтаа, номхон л болчихдог. Хамгийн гол нь дааруулахгүй байх хэрэгтэй. Манай орны уур амьсгалд сайн арчлахгүй бол болохгүй.

-Ямар арчилгаа шаарддаг юм бол?

-Байнга усанд оруулж халууныг нь тохируулан хоолыг нь сайн өгөх хэрэгтэй. Бусад гэрийн тэжээвэр амьтдыг бодвол хөдөлгөөн бага л даа. Ерөнхийдөө хоолоо идчихээд унтаж л байна.

-Таны могой эр үү эм үү?
-Манай могой эр. Одоо л эхнэр авдаг насандаа байгаа даа /инээв/. Одоо нэг эм могой авчрах бодолтой байна.

-Могой жил гарах гэж байгаа болохоор урилга заллага ихтэй байна уу?

Монголчууд эрт дээр үеэс л могой айлд ороод гарвал буян ирдэг сайн гэж бэлэгшээж сүү дусаадаг шүү дээ. Тэр утгаараа ч хүмүүс манайхаар нэг ороод гараач, манай байгууллагаар ирээч гэсэн урилга маш их байна. Гэхдээ надад ажил их байгаа учраас тэгээд явж байх зав байхгүй л дээ.

-Та цаашид юу хийхээр төлөвлөөд байна?
-Агаарын гимнастик гэдэг бол залуу насны хийдэг ажил л даа. Ер нь гадна дотны агаарын гимнастикчдийг  хараад байхад эрт тэтгэвэрт гардаг  мэргэжил юм болов уу гэж боддог  Тийм болохоор одоо би чинь залуу жүжигчин биш шүү дээ. Тэгэхээр одоо дараа дараагтийнхаа дүү нарт өөрийнхөө мэдэх чадах юмыг зааж өгч байна. Мөн “Харти” фитнес клубынхээ иогийн багшийн ажлыг хийж байна. Ер нь олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Тухайн үед нь хийсэн ажил маань олны сонорт хүрэх байх аа.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын чинь ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн “
Ярилцсан Ц.Баянбилэг


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш