logo
2013 онд астрономийн ямар үйл явдал болох вэ?

2013 онд астрономийн ямар үйл явдал болох вэ?

2013/02/25

Нар жилийн турш эклипик дагуу хөдлөхдөө тэнгэрийн экваторыг 2 удаа огтолдог бөгөөд тэнгэрийн мандлын өмнөд хэсгээс хойд хэсэг рүү шилжих цэгийг хаврын тэнцлийн цэг, хойд хэсгээс өмнөд хэсэг рүү шилжиж байгаа цэгийг намрын тэнцлийн цэг гэж нэрлэдэг.Энэ өдрүүдэд дэлхийн бүх газарт өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцүү байна. Нар  тэнгэрийн экватораас дээш 23,5° холдох цэгийг зуны туйлын цэг, тэнгэрийн өмнөд туйл руу хамгийн их -23,5° холдох цэгийг өвлийн туйлын цэг гэж нэрлэдэг.Өвлийн туйлын өдөр дэлхийн хойд хэсэгт хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болж өвөл эхэлдэг бол дэлхийн өмнөд хагаст  эсрэгээрээ байдаг байна. 2013 онд хаврын тэнцэл  III сарын 20-ны 18 цаг 59 минутад, зуны туйл VI сарын 21-ний 12 цаг 59 минутад,  намрын тэнцэл IX сарын 23-ны 04 цаг 38 минутад, өвлийн туйл XII сарын 23-ны 01 цаг 07 минутад болно.(Улаанбаатарын цагаар)

 

2013 онд  V сарын 10 нарны  цагирган хиртэлт болох бөгөөд Австрали ба Номхон далайн районд сайн үзэгдэнэ ,хиртэлтийн фазын хэсгүүдийг Индонез, Шинэ Зеланд ба Филиппинд ажиглаж болох юм байна. XI сарын 3-нд болох нарны цагирган хиртэлт Африк ба Атлантын далайн хойт болон төв хэсгээр сайн ажиглагдах боловч  манайд хоёр  хиртэлт хоёулаа ажиглагдахгүй.

 

Энэ онд сарны хиртэлт 3 удаа болно. 2013 оны IV сарын 25 -нд  дэлхий нийтийн цагаар  20 цаг 07 минутад  сарны хагас хиртэлт болно.  V сарын 25 -болох сарны хиртэлт  Америк,Африк ба Баруун европын зарим улсуудад ажиглагдана. X сарын 18 -нд болох сарны хиртэлт  ТУХН улсуудад болон Оросын баруун хэсэгт ажиглагдана.
III сарын 8 - 20 сүүлт од C/2011 L4 PANSTARRS тэнгэрийн баруун хагаст энгийн нүдээр харж болох бөгөөд  хамгийн тод гэрэлтэлт нь Вега одтой ойролцоогоор адилхан болох юм.  Наранд 10 - нд хамгийн ойртож очно.
 

Сүүлт од C/2011 L4 PANSTARR 2012 оны зун      Фото: Георг Клингерсберг


2013 оны XI сард C/2012 S1 (ISON) сүүлт од эрдэмтдийн тооцоолсноор Нарнаас 0,012 астрономийн нэгж зайд өнгөрөх бөгөөд XII сарын 26 - нд Дэлхийгээс 0,42  астрономийн нэгж зайд өнгөрөх юм.

1997 онд авсан Хейла-Боппын сүүлт од                Фото: Ли МакДоналд


 II сарын 15 -нд 2012 DA14 бага гариг Дэлхийтэй 30000 километр зайтай өнгөрөх бөгөөд хамгийн их одны хэмжигдэхүүн нь 7,7m (энгийн нүдээр харагдахгүй).

2012 оны VIII сарын 12 - нд авсан Персей орд дахь солирын урсгал  Фото: Стефано Де Роса


V сарын 5 - 6 Хумх ордны - эта дахь солирын урсгал, цагт 10 - 15 солир.VII сарын 28 - 29 Хумх ордны - дельта дахь солирын урсгал, цагт 20 солир. VIII сарын 12 - 13 Персей орд дахь солирын урсгал, цагт 80 - 100 солир.
X сарын 21 -нд  Орион орд дахь солирын урсгал, цагт 20  солир. XI сарын 17 - 18    Арслан орд дахь солирын урсгал, цагт 10 - 15  солир. XII сарын 13 Хамтатгах орд дахь солирын урсгал, цагт 100  солир.
Эрдэмтэд  энэ онд хэт массархаг хар нүх Дэлхийгээс 3 дахин том хийн үүлтэй мөргөлдөхийг харах юм байна.

Эх сурвалж: http://rcag.mas.ac.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш