Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын зөвлөхөөр С.Цогтбаяр ажиллахаар боллоо. Самандарын Цогтбаяр нь 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Аж байдлын болон улс төр, уянгын болон хүүрнэл хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрээр "Учиртай инээд", "Төрийн төлөө оготно", "Шог зургууд" зэрэг өөрийн шог зургийн олон номыг нийтийн хүртээл болгожээ. С.Цогтбаяр 1980-аад оноос "Тоншуул" сэтгүүлийг эрхлэн гаргах болсон. С.Цогтбаяр олон улсын томоохон уралдаан, тэмцээнүүдэд байнга оролцож, эх орныхоо дэлхийд сурталчлах ажилд өөрийн хувь нэмрийг оруулж яваа шог зураач юм.
Нийслэлийн Соёл урлагийн газар нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотыг хөгжүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг дээдлэн шинэлэг хэлбэрээр ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажилд шог зураач С.Цогтбаярын зөвлөгөө нэн чухал юм гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.