logo
Цөмийн судалгааны төвт зочилов

Цөмийн судалгааны төвт зочилов

2013/02/28
Сайд Л.Болдыг Европын цөмийн судалгааны төв CERN-д хүрэлцэн ирэхэд тус байгууллагын Ерөнхий захирал Р.Хьюер угтан мэндчилж, төвийн эрдэм шинжилгээ, туршилтын ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүний хамт газар дорхи ALICE туршилтын цогцолборын ажиллагааг сонирхов.  

Европын эрдэм шинжилгээний төв CERN нь 1954 онд албан ёсоор байгуулагдсан, эдүгээ 20 улс гишүүнээр нь ажиллаж байна. CERN гэдэг нь францаар Conseil Européen pour la Recherche Nucléaire гэсэн нэрийн товчлол. Энэ нь эрдэм шинжилгээ-судалгааны дэлхийд нэр хүндтэй томоохон төв бөгөөд түүний өдөр тутмын үйл ажиллагаа суурь физикийн ухаанд түшиглэн орчлон ертөнцийн бүтэц, мөн чанар, зохицолдоог таньж мэдэх эрдэм шинжилгээний туршилт хийх явдал юм. Эрдэм шинжилгээний хамгийн том бөгөөд цогц төхөөрөмж хэрэгслийн тусламжтайгаар материйн үндсэн бүтэц – эгэл бөөмийг судлах нь төвийн үйл ажиллагааны зорилго аж. Тухайлбал, физикчид тусгай хурдасгуурт  эдгээр бөөмийг өндөр хурдтай хөдөлгөж мөргөлдүүлснээр байгалийн хуулийн мөн чанарыг мэдэхэд оюун ухаанаа сорьж байдаг байна.   

Тус төв нь дэлхийн олон орны эрдэм шинжилгээ-судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, физикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл солилцон технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. CERN-нд 2400 байнгын ажилтан, 1500 түр ажилтан өдөр тутам судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд 608 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлсөн 113 улсын 10000 эрдэмтэн, инженер үйл ажиллагаатай нь танилцдаг байна.

Сайд Л.Болд Монголоос эрдэмтэн, физикчдийг тус төвд дадлага хийлгэх, ажиллуулах боломжийн талаар лавлаж, тийнхүү хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэ саналыг төвийн удирдлага анхааран судалж, шийдвэрлэхээр боллоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш