logo
Сайд Л.Болд АОХН-ийн Удирдах зөвлөлийн хуралд өндөр ач холбогдол  өгч байна гэв

Сайд Л.Болд АОХН-ийн Удирдах зөвлөлийн хуралд өндөр ач холбогдол өгч байна гэв

2013/02/28
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн 7 дугаар хурал 2013 оны 2 дугаар сарын 26-нд Женев хотноо хуралдав.

УЗ-ийн өндөр түвшний хуралдааныг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, Монгол Улс АОХН-ийн Сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг мэдэгдэж, уригдсан улс орнуудыг өндөр түвшинд оролцох, ялангуяа Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг ирнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлэв.

Японы Гадаад хэргийн дэд сайд хатагтай Тошико Абэ мөн нээлтийн хуралдаанд оролцож, Япон Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Камбож, Мьянмар зэрэг ардчилсан шилжилт хийж буй оронд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна гэж мэдэгдэв.

УЗ-ийн энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатарын Сайд нарын бага хуралд нэмж урих орнуудын талаар ярилцаж холбогдох шийдвэрийг гаргав. Манай төлөөлөгчид Сайд нарын бага хурлын бэлтгэл ажил, түүний дотор хурлын хөтөлбөр, Улаанбаатарын тунхаглалын төсөл, улс орнуудын оролцооны байдлын талаар мэдээлэв.  

Түүнчлэн хурал дээр АОХН-ийн Ажлын хэсгүүд тус тусын чиглэлээрх ажлаа тайлагнаж, АОХН-ийн дарга орныг сонгох журмыг хэлэлцжээ. Мөн Өмнөд Суданы ардчилсан шилжилтийг дэмжих АОХН-ийн Ажлын хэсэг байгуулах асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд  энэ шийдвэрийг Өмнөд Суданы тал нааштайгаар хүлээн авч байгааг УЗ-ийн хуралдаанд тусгай зочноор оролцсон тус улсын Женев дэх Байнгын төлөөлөгч ноён Р.Риек мэдэгдэв.  

УЗ-ийн хуралд гишүүн орнуудын ахлах албан тушаалтнууд, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Лайснер, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улс АОХН-ийг   2011 оны 7 дугаар сараас эхлэн 2 жил шахам хугацаанд  даргалж,  ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Сайд нарын 7 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь 2000 онд байгуулагдсан, ардчилсан үйл явц, ардчиллын хэм хэмжээ, үнэт зүйлс, институцүүдийг хөгжүүлэн бэхжүүлэх зорилго бүхий дэлхийн 140 гаруй ардчилсан улсуудын эвсэл юм.  
Улаанбаатарын Сайд нарын бага хуралд 150 шахам орны Гадаад хэргийн сайд, 20 орчим олон улсын байгууллагыг уриад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн Хүндэт зочноор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тийм тооны дэлхий дахинаа нэр хүндтэй зүтгэлтнүүдийг урьсан. Сайд нарын бага хурал 4 дүгээр сарын 29-нд болох бөгөөд түүний өмнө буюу 27-28-ны өдрүүдэд АОХН-ийн Парламентын чуулга уулзалт, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Залуусын чуулга уулзалт, Иргэний нийгмийн чуулга уулзалт болно.

Одоогийн байдлаар зарим орны төр, засгийн тэргүүн ирж оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Мөн 10 гаруй орны Гадаад хэргийн сайд, 3-4 олон улсын байгууллагын тэргүүн оролцохоо нотлоод байна. Дээрх арга хэмжээнүүдэд нийт 1000 гаруй төлөөлөгч ирнэ гэж тооцоолж, бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлыг хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш