logo
“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээгдлээ

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээгдлээ

2013/03/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын архитекторуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болов.  

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголчууд бид мянган дамнасан их түүхийн эзэд болж, улс гүрнүүдийг захирахдаа соёл шинжлэх ухааны ололт, бүтээн байгуулалтыг дэмжин тэтгэж, хөгжүүлж байсан агуу түүхтэй ард түмэн билээ.
Өндөр их өвөг дээдсийн үр хойчис бидэндээ соёрхон үлдээсэн гайхамшигтай түүхийн бахархам баримтуудыг дэлгэн буй “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэнг нээхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна.
Тархан суурьшсан монголчууд ТББ-ын хэрэгжүүлж байгаа “Хаан түүхтэй монголчууд” монгол судлалын хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд ивээлдээ авсан бөгөөд тус хөтөлбөрийн эхний бүтээл нь энэхүү “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн юм.
Эх түүхийнхээ бахархалт үнэнийг олон нийтэд таниулан хүргэх ариун үйлсийн анхны шанг татан эзэнт гүрний өнцөг булан бүрт, тэр тусмаа өнөөдөр  дотоодын мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад судалгаа, зураг авалт хийсэн арав гаруй жилийн аян замын үүцээ задлан буй ТАСАМ хөтөлбөрийнхөн маань энэхүү үзэсгэлэнг олон түмэнд өргөн барьж байгаа нь монгол соёлын үнэнийг баримтаар харуулсан түүхэн үйл явдал болж байна.
Монгол хаадын мэргэн ухаан, бодлого, айлдварууд удирдан захирч байсан улс орныхоо төр, нийгэм, соёл шинжлэх ухаан, хот байгуулалт, гар урлал, уран барилгын урлагт эргэлт шинэчлэл хийсэн бүтээн байгуулалтын баримтыг та бид энд дэлгэн тавьсан бүтээлүүдээс тольдон харж байна.
Энэ өргөөнд өнөөдөр Монгол хаад хатдын орд өргөө, одон орны оргил төвүүд сүндэрлэж, энэ өргөөнд дэлхийн энгээр тамгалагдсан Монгол соёлын гал буухиалж байгаад таатай байна.
Эзэнт гүрний Монголчууд болон эзэнт гүрний түүх соёлын дурсгалуудын төлөө TASAM-ын залуусын хичээл зүтгэлийн үр дүнд бүтээгдэж буй энэ үйлс бүтээлүүд шинжлэх ухаан эрдэм судлалын оргиол хүрч даян дэлхийд цуурайтна гэдэгт итгэлтэй байна.
Монгол хүн бүр Монголынхоо түүх соёл, өв уламжлалаа залгамжлахад хичээн зүтгэж бахархан дуурайж, дэлхий дахинд сайн сайхнаар харуулахын төлөө зүтгээсэй. Монголын соёлын алтан аргамж өнө мөнхөд тасаршгүй байг” гэлээ.
Үзэсгэлэнгийн нээлт дээр мөн УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үг хэлж “Mongol costumes” ХХК-ийнхан монгол угсаатны хувцас загварын шилдэг үзүүлбэрээс үзүүлэв.
Гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны хооронд Монголын Уран зургийн галерейд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
Үзэсгэлэнд Тархан суурьшсан монголчууд ТББ–аас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсад судалгаа хийн гэрэл зургийн хальсанд буулгасан Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан одон орны төвийн туурь, Хубилай хааны одон орны төвийн туурь, Захирагч Үлэгбэхийн байгуулсан одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн эзэнт гүрний үеийн 50 ш зоос, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх ухааны академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургийг дэлгэн тавиад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш