logo
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

2013/03/04
Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг удирдах баг, хороог байгууллаа

“Шинэ төмөр зам”, зарим аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны зам, Тавантолгойн нүүрсний орд газарт 300 МВт-ийн цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг гардан зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн багийг ажиллуулж, үйл ажиллагааг нь удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавихыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болоод холбогдох сайд нарт даалгалаа.

Эдгээр төслийн багийг шуурхай удирдлагаар хангах, хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Эл хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, орлогчоор нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажиллахаар болжээ.

МИАТ компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статус олголоо

МИАТ төрийн өмчит хувьцаат компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статаус олголоо. Ингэснээр МИАТ хувьцаат компани олон улсын зах зээлд улсаа төлөөлөх бүрэн эрхээ баталгаажуулж, агаарын тээврийн тэргүүлэгч компани болж, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулах, нислэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодит дэмжлэг болно гэж үзсэн байна. Статус олгох нь дэлхийн жишигт нийцсэн алхам бөгөөд үндэсний агаарын тээвэрлэгч нь үйл ажиллагааны хувьд үндсэн нисэх буудлын слот хуваарилалт, олон улсын томилгоо авахад давуу эрхтэй байх ажээ. БНСУ-ын Корейн эйр, БНКазУ-ын эйр Астана, БНТУ-ын Туркиш эйрлайнс зэрэг төрийн дэмжлэг авдаг, дэлхийд тэргүүлэгч болсон агаарын тээврийн компаниуд олон улсын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа жишиг олон байна.

Үндэсний тээвэрлэгч компани салбарын үйл ажиллагаанд тэргүүлэгч байр сууринаас хувь  нэмрээ оруулж, Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрчилгээжсэн, иргэний нисэхийн сургалтын байгууллага болох МИАТ компанийн сургалт дадлагын төвд салбарын боловсон хүчний давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах боломжоор хангагдана.  

Сайншанд цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийг гаргахаар боллоо

 “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг  Засгийн газрын хуралдаанаас  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Тус цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө. 

Ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.

УБТЗ-д техникийн шинэлчэл хийнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дохиоллын  системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм  байна. 

Удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр баталлаа

Засгийн газраас бизнес эрхлэлтийг дэмжих талаар явуулж байгаа бодлогын хүрээнд “Гадаад худалдааг хөнгөвчлөх үндэсний цахим нэг цонх”-ны системийг бий болгон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр баталлаа.

Удирдах хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, Сангийн болоод ЭЗХ-ийн дэд сайд нар орлогч даргаар нь ажиллах юм.

Удирдах хороог мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гаалийн ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар холбогдох бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийн төлөөлөлтэйгээр байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа. 

Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэллээ

Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэллээ.

Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны, Гомбын Цогтсайханыг Гадаад харилцааны яамны, Хүрэлбаатарын Ганцогтыг Сангийн яамны Жигмэддашийн Баярцэцэгийг Хууль зүйн яамны, Равжихын Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Загдсүрэнгийн Болдбаатарыг Батлан хамгаалах яамны, Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны, Баасандоржийн Батзаяаг Зам, тээврийн яамны, Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны, Рэнцэндоогийн Жигжидийг Уул уурхайн яамны, Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны, Баасанжавын Отгонжаргалыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны, Бэгзсүрэнгийн Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны, Даваадоржийн Дэлгэрцогтыг Эрчим хүчний яамны, Жамбалын Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн тус тус даргаар томиллоо. Мөн Галсангийн Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байна.

Товчхон

  • ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль болон Эрүүл мэндийн яамны хооронд шинэчэн байгуулах “ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Эрүүл мэндийн сайдад олголоо.
  • Энэ оны нэгдүгээр сард БНПУ-ын Варшав хотноо гарын үсэг зурсан Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
  • Монгол Улсын НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш