logo
Өрхийн эмч нарын улсын зөвлөгөөн болж байна

Өрхийн эмч нарын улсын зөвлөгөөн болж байна

2013/03/05

“Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл” сэдэвт улсын зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран энэ сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг зөвлөгөөнийг нээж хэлэхдээ Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа бол эрүүл мэндийн салбарын ажилтай салшгүй холбоотой байдгийг дурдаад, салбарын анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг томоохон сүлжээ болж чадсан гэдгийг онцоллоо. ӨЭМТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нэг хүнд ногдох зардлыг ДЭМБ-ын тогтоосны дагуу 50 мянган төгрөгт хүргэснээр өрхийн эмнэлгийн үйлчилгээ сайжирч, иргэдэд үзүүлэх тусламж нэмэгдэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хүлээгдэл, чирэгдэл, хүнд суртлыг арилгах, хүртээмж, чанар, үр дүнг чухалчлан үзэж байна гэв.

ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, асуудлыг цаг алдалгүй хамтран шийдвэрлэх, хөгжлийн шинэчлэлийн стратеги, бодлогыг хэлэлцүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

“Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл” сэдвээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Эрүүл мэндийн шинэчлэл ба Өрхийн эрүүл мэндийн төв” сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сонин, “Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги” сэдвээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, “Анхан шатны тусламж үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн зөвлөх Т.Навчаа, “Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” сэдвээр МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, “Өрхийн эмч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал” сэдвээр ЭМШУИС-ын боловсрол эрхэлсэн дэд захирал Д.Амарсайхан нар илтгэл тавьж хэлэлцлээ.

Мөн нийслэлийн болон орон нутгийн тэргүүний ӨЭМТ-тэй танилцаж, туршлага солилцов. Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хөгжил, шинэчлэлийн асуудалд онцгой анхаарч, бодитойгоор өөрчлөлт хийх болсныг энэ удаагийн улсын зөвлөгөөн харуулж байна.

Зөвлөгөөнд шийдвэр гаргах түвшний болон хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, ОУ-ын байгууллагын мэргэжилтнүүд, ӨЭМТ-ийн нийслэл болон орон нутгийн төлөөлөгчид нийт 265 хүн оролцож байгаа юм.

Өнөөдрийн зөвлөгөөний төгсгөлд Эрүүл мэндийн сайдын тушаалаар салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан 5 эмч, ажилчдыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Мөн “Оны шилдэг Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагын зүгээс 1 сая төгрөгөөр, “Оны шилдэг өрхийн эмч”, “Оны шилдэг сувилагч” нарыг шалгаруулж тус тус 500 мянган төгрөгөөр, “Настанд ээлтэй Өрхийн эрүүл мэндийн төв”-өөр 3 байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш