logo
Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийг Монголд олгоно

Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийг Монголд олгоно

2013/03/07
Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн Ноот бичигт гарын үсэг зурав. Япон Улсын Засгийн газар өөрийн улсын 2012 оны санхүүгийн жилд 200 сая иенийн буюу 2 сая гаруй ам. Долларын Төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэж, манай тал энэхүү тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын тоног төхөөрөмж  авахаар японы талтай тохиролцоод байна.

2011 оны 3-р сард газар хөдлөлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн бүсийн сэргээн босголтыг дэмжих, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс Япон Улсын Засгийн газар тухайн бүс нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ODA-гийн хүрээнд Төслийн бус буцалтгүй тусламжийн хэлбэрээр нийлүүлэх зорилгыг тавьжээ. Япон Улсын Засгийн газар энэхүү тусламжийг өнгөрсөн оноос дэлхийн 20 гаруй оронд үзүүлж эхлээд байна.

Түүнчлэн Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг Монгол улсад таниулах, цаашлаад Монгол Улсад Японы технологийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хоёр орон хамтдаа өсч хөгжихөд чиглэсэн харилцааг бэхжүүлэх зорилгыг энэ тусламж агуулж буй аж.

Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм. Энэхүү тусламж нь гадаад төлбөрийн балансыг түргэн хугацаанд сайжруулах үр дүнтэй арга хэмжээ болдог хэмээн японы тал үздэг.

Гадаад харилцааны сайд Л.Болд ноот бичиг зурах ёслол дээр Япон Улсын Засгийн газраас  2012 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 200 сая иений үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх тухай Ноот бичигт миний бие Монгол Улсын Засгийн  газрыг төлөөлөн гарын үсэг зурсандаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улс 1991 оноос хойш нийт 10 гаруй удаа хүлээн аваад байгаа эдгээр тусламж нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад чухал дэмжлэг болж ирснийг онцолж, Монгол Улсад зориулан Төслийн бус буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн Япон Улсын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш