logo
Хэнтийд Чингис хааны түүхэн цогцолбор байгуулна

Хэнтийд Чингис хааны түүхэн цогцолбор байгуулна

2013/03/08
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2013.03.06/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд ажиллав.

     УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд баталж гаргасан хууль, тогтоомжийн талаар мэдээлэх, иргэд, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсох, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын явц байдалтай газар дээр нь танилцах зорилгоор зүүн гурван аймагт ажиллах томилолтоо ийнхүү Хэрлэн сумаас эхэлсэн юм.

     Их Эзэн Чингис хааны өлгий нутаг гэгддэг Хэнтий аймаг нь 70 гаруй мянган хүн амтай. Мал аж ахуй, газар тариалан нь эдийн засаг, бизнесийнх нь гол үндэс болсон энэ аймагт 1025 иргэн ажилгүй гэсэн албан ёсны бүртгэл байдаг аж. Энэ онд тус аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Тиймээс ойн хүрээнд аймгийн төвийг бүхэлд нь камерын системтэй болгох, автобусны 20 буудал байгуулах зэргээр нийтдээ 3,8 тэрбум төгрөгийн төсөвт ажил хийхээр төлөвлөж, эхний ажлын тендер зарлагдаж эхэлсэн гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар танилцуулав. Түүнчлэн 1000 айлыг орон сууцжуулах жишиг гэр хороолол, 100 айлын хаус, 2 км зам барих гээд дэд бүтцийн томоохон ажлууд эхлүүлэхээр төлөвлөжээ. Хэнтийд орон сууцны 1м/кв-ын үнийг 550 ам.доллараас хэтрүүлэхгүйгээр орон сууцжуулах хөтөлбөрт оролцох саналыг зарим аж ахуйн нэгжээс ирүүлсэн байна. Тиймээс аймгийн иргэдийг хямд өртөгтэй орон сууцтай болгох нь утааг багасах ач холбогдолтой гэж аймгийн удирдлагууд үзэж буйгаа хэлж байлаа. Тус аймгийн төвд одоогийн байдлаар 21 мянган хүн амьдардгаас 6000 нь орон сууцанд амьдардаг юм байна.

        Хэнтий аймагт Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах ажлын эхлэл болгож, шинэчлэлийн Засгийн газраас Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажлын хэсэг байгуулсны зэрэгцээ энэ санаачлагыг дэмжиж зураг төслийн ажил гүйцэтгэх 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байна. Цаашид аймгийн төв Хэрлэн сумыг улсын зэрэглэлтэй хот болгож аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа аймгийн удирдлагууд УИХ-ын даргад дуулгалаа.

    УИХ-ын дарга хямд өртөгтэй орон сууц барихад юун түрүүнд барилгын материалын үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэйг хэлсэн юм. Тухайлбал, тоосгоны үйлдвэр, элс, хайрганы карерь гээд орон сууцны үндсэн материалын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав. Хэрэв орон сууц баригдаад эхэлбэл борлуулалтын асуудлыг моргейжээр шийдэх бололцоотойг онцлов.

     Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар УИХ-ын дарга З.Энхболд болон Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Гарамгайбаатар нарт аймагтаа тулгамдаад байгаа зарим асуудлыг танилцууллаа. Нэгд, хүн амын өсөлт, их бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан 30 мбт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих. Эл станцын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин станцын ТЭЗҮ-г хийх шаардлагатай байгаа. Хоёрт, Чингис хааны түүхэн цогцолборт шаардлагатай 1,5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөх. Гуравт, зүүн бүсийн хорих анги тус аймагт байдаг, мөн гэмт хэргийн өсөлт өндөр зэргийг харгалзан Хэнтий аймагт давж заалдах шатны шүүх байгуулах. Энэ асуудлыг зэргэлдээ Сүхбаатар аймгийнхан ч дэмжиж байгааг танилцууллаа.

    Энэ саналын талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тайлбарлахдаа, Шүүх байгуулах тухай хуулийн төсөл анх УИХ-д өргөн баригдахад эрдэмтэн, судлаачдын судалгааг үндэслэн зүүн бүсийн давж заалдах шатны шүүхийг Хэнтий аймагт байгуулахаар тусгасан байсан. Гэвч төслийн хэлэлцүүлгийн явцад энэ санал унасан. Газар зүйн байрлал, хорих анги зэргээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь Хэнтий аймагт байх ёстой гэдэг саналыг анхаарч үзэх шаардлага байгаа гэлээ.

     Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав аймгийнхаа 90 жилийн ойтой холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Чингисийн өлгий нутагт хуралдуулах хүсэлт тавихад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар энэ нь боломжгүй юм гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

    Хэнтий аймгийн анхны сургууль болох “Хэрлэн” нэгдүгээр сургууль 1923 онд байгуулагджээ. Олон жилийн түүхтэй энэ сургуулийн үйл ажиллагаатай парламентын тэргүүн болоод УИХ-ын гишүүд танилцлаа. 12 жилийн сургалттай 23 бүлэгт 784 сурагч, 11 жилийн 34 бүлэгт 1216 сурагч тус тус суралцдаг байна. УИХ-ын дарга тус сургуулийн спортын заал, цахим танхимаар орж сургалтын байдалтай нь танилцсан юм.

     Дараа нь аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр ихэвчлэн төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тэтгэвэр нэмэх эсэх, уул уурхайн салбарын хөгжил, түүнээс олгох хувьцаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо зэргийг сонирхсон асуултыг иргэд олонтаа тавьж байлаа. Түүнчлэн зарим иргэд хэрэгжиж эхлээд удаагүй байгаа Тамхины хяналтын тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бас архины хяналтын талаар хууль гаргаач гэсэн хүсэлт тавьж байв.

    УИХ-ын дарга төрийн албанд ах дүү, хамаатан саднаа ажилд авдаг, гэтэл жирийн иргэн ажилд орж чаддаггүй, зарим байгууллагын удирдлагууд өөрсдөдөө давуу тал бий болгож хөнгөлөлтэй зээл авдаг, урамшуулал олгодог зэрэг алдаа дутагдал байсныг энэ үеэр шүүмжиллээ. Энэ бүх алдаа завхралыг засах үүднээс шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгож өөрчлөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцлов.

   Иргэдтэй хийсэн уулзалтад ирсэн Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуяг сумынхаа хилийн цэсийн асуудлаар УИХ-ын даргад хандлаа. Тэрбээр “Бор-Өндөр нь 2012 онд Монголын 330 дахь сум болж байгуулагдсан. Гэвч одоог хүртэл сумын хилийн цэсийн асуудал дээр маргаантай байна. Бид хилийн цэсийг шинэчлэн батлуулах асуудлаар аймгийн ИТХ-д хандсан. Энэ асуудал аймгийн Засаг даргаар дамжин Засгийн газрын тэргүүнд очих байх. Одоо манай сум 14 мянган га газартай. Энэ нь нэг томоохон компанийн тариалан эрхэлдэг газар гэсэн үг юм. Сум 50 мянган толгой малтай. Малчид энд тэнд ад үзэгдэн хавчигдаж, нийгмийн асуудлаа шийдэж чадахгүйд хүрээд байна. Тиймээс сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудалд анхаарал хандуулж шийдвэрлүүлж өгөөч” гэсэн хүсэлт тавилаа. УИХ-ын дарга хариуд нь “Би Бор-Өндөрийг сум болгохыг дэмжиж байсан хүний нэг” гэдгээ хэлээд сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудалд анхаарна гэдгээ илэрхийллээ.

    Ийнхүү Хэнтий аймгийн төвд ажилласан парламентын төлөөлөл Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин Н.Хосбаярынд зочилсноор орон нутаг дахь томилолтын анхны өдөр өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш