Монгол Улс олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, яриа хэлэлцээний механизмд нэгдэн орох гадаад бодлогын зорилтын хүрээнд явуулж ирсэн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд олон улсын харилцаа, аюулгүй байдал, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэн, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түншээр 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон тус байгууллагын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар бага хуралдааны үеэр хүлээн зөвшөөрөгдөн Азийн тав дахь улс нь болон нэгдсэн.
Манай улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны хамгийн шинэ түнш орны хувьд тус байгууллагын үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, Сайд нарын зөвлөлийн болон Байнгын зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний хэмжигдэхүүний хэрэгжилтийн талаархи уулзалт, хамтын ажиллагааны түнш оронтой хамтран зохион байгуулдаг бага хурал зэрэг гол гол арга хэмжээнд идэвхтэй оролцохыг эрмэлзэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон үр бүтээлтэй хамтран ажиллахад анхаарч иржээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболдын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Марк Перрин де Бришамбо манай улсад 2006 оны 10 дугаар сарын 8-10-нд албан ёсны айлчлал хийсэн нь ЕАБХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа урагшлуулахад чухал ач холбогдолтой байв.
Монгол Улсын ЕАБХАБ-д оролцогч орноор нэгдэх гишүүнчлэлийн асуудалтай холбогдуулан тус байгууллагын дарга улс-Ирландын Байнгын төлөөлөгч О.О"Лири, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нараар ахлуулсан шинжээчдийн баг 2012 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийжээ.
2012 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Ирландын Дублин хотноо зохиогдсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид анх удаа бүрэн эрхт гишүүний хувьд оролцов.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Бэлтгэл хороо 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо хуралдаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар Дублины Сайд нарын зөвлөл болон Байнгын зөвлөлийн хуралдаанаас тус тус гарах шийдвэрийн төслийг хэлэлцэж, улмаар татгалзах улс гараагүй тул Байнгын зөвлөлийн хуралдаанд оруулахаар тогтов.
Үүний дараагаар Байнгын хорооны хурал болж манай гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхэд мөн татгалзсан улс гараагүй тул 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Төв Европын цагаар 11 дүгээр сарын 20-ны 24.00 цаг хүртэл санал хураалт явуулж(silent procedure), энэ хугацаанд оролцогч орнуудын аль нэг нь татгалзаагүй учир 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон юм.
2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вена хотноо хуралдсан ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болжээ.
2012 оны 11 дүгээр сарын 21-нд ЕАБХАБ-д оролцогч орноор нэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал Парламентын Ассамблейн гишүүний тоонд орсон. 2013 оны 1 дүгээр сарын 30-нд УИХ-д Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн М.Батчимэг , гишүүдэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Оюун, Н.Энхболд нар ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс