Монгол-Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австрид суугаа Монгол Улсын ЭСЯ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Австрийн Холбооны Эдийн засгийн Танхим хамтран Монгол-Австрийн бизнес чуулга уулзалтыг 3 дугаар сарын 11-ний өдөр Вена хотод зохион байгуулав.
Тус чуулга уулзалтад монголын талаас МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав тэргүүтэй 10 гаруй хувийн аж ахуйн нэгж болон Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ШУТИС-ийн төлөөлөгчид оролцов. Австрийн талаас эдүгээ Монголд үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх сонирхолтой 80 орчим компани оролцов.
Австрийн Холбооны Эдийн засгийн Танхимын Дэд ерөнхийлөгч Рихард Шенц, манай улсаас Австрид суух Элчин сайд Г.Батжаргал нар чуулга уулзалтыг нээж үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ энэхүү уулзалт нь хоёр орны худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төлөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар Элчин сайд Г.Батжаргал танилцууллаа.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал С.Бэхбат “Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл боломж”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Дүгэрсүрэн ”Ногоон хөгжлийн бодлого”, Эрчим хүчний яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Мөнхбаяр “Монголын эрчим хүчний салбар дахь бизнес орчин” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь Австрийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татав.
Австрийн Холбооны Эдийн засгийн Танхимын Хятад дахь төлөөлөгч буюу Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны худалдааны зөвлөх Андэснэр Монгол-Австрийн худалдааны харилцааны тухай танилцуулж, энэ удаагийн бизнес уулзалт ирэх зун Улаанбаатар хотноо болох Монгол-Австрийн ЗГХХК-ын 5 дугаар хуралдааны бэлтгэл болох боломжтойг тэмдэглэв. Чуулга уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид харилцан уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.