logo
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал Монголд болно

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал Монголд болно

2013/03/13

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Уг хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсэг ГХЯ-нд ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдын тушаалаар бүрэлдэхүүнийг нь өргөжүүлж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нараар ахлуулсан Төлөөлөгчидтэй ажиллах баг, Бичиг баримт боловсруулах баг, Ложистикийн багуудаар бүл нэмлээ. Ажлын албаны Ерөнхий зохицуулагчаар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд ажиллаж байна.  

Сайд нарын бага хуралд 150 шахам орны Гадаад хэргийн сайд, 20 орчим олон улсын байгууллагын төлөөллийг уриад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн Хүндэт зочноор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тооны дэлхий дахинаа нэр хүндтэй зүтгэлтнүүдийг урьсан бөгөөд түүний дотор Нобелийн шагналт Ан Сан Сү Чи зэрэг төлөөлөгч хуралд биечлэн оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Сайд нарын бага хурлын өмнө буюу дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд АОХН-ийн Парламентын чуулга уулзалт, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Залуусын чуулга уулзалт, Иргэний нийгмийн чуулга уулзалт тус тус зохиогдоно. Энэхүү цогц арга хэмжээ нь манай улс АОХН-ийг даргалж буй хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг илтгэхийн зэрэгцээ ардчиллыг хөгжүүлж ирсэн Монгол Улсын ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлах томоохон үйл явдал юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш