“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг орон даяар идэвх санаачлагатай, нээлттэй тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ЭМЯ-аас зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат манай улсын эрүүл мэндийн салбарт зайлшгүй шийдэх ёстой асуудлуудын нэг нь бөөрний архаг өвчин. Бөөрний эмгэгийг Монголд 2 аргаар эмчилдэг. Эхнийх нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализ. Энэ нь өндөр технологи учраас үнэтэй, нэг удаа ороход 150 мянган төгрөг бөгөөд 7 хоногт 3 удаа орох шаардлагатай байдаг. Улсын хэмжээнд 200 гаруй хүн тус аппаратад ордог. Тэгэхээр 7 хоногт дунджаар 500 мянган төгрөгийг 1 хүнд зориулж гаргадаг, энэ нь жилд дунджаар 4 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс гаргадаг гэсэн үг. Цаашид бид Гемодиализийн аппаратад орж байгаа хүмүүсийн тоог энэ түвшинд нь барих буюу бууруулахад чиглэн ажиллаж байна. Дараагийн арга нь бол бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Монголд 100 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгуулсан ба зөвхөн мэс засал эмчилгээнд хувь хүнээс 3,5 сая төгрөг, улсаас 8,5 сая төгрөгийг зарцуулдаг ба дархлаа тогтоох эм нэг хүнд жилд 1000 гаруй ам долларын өртөгтэй болдог. Энэ нь хувь хүнд төдийгүй эрүүл мэндийн салбарт асар их тоо гэдгийг хэлж байлаа.
Энэ үеэр ЭМЯ-ны ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн “Бөөрний өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхлэх гэж байгааг дуулгасан юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бөөрний архаг өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах, тандах тогтолцоог бүрдүүлэн, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах замаар бөөрний архаг өвчнийг тогтоон барих, түүнээс шалтгаалсан бөөр орлуулах эмчилгээний хэрэгцээг бууруулах аж.
Тэрбээр хүрэх үр дүнгийн тухайд хэлэхдээ, бөөрний архаг өвчний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэв.
Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа нь улс орны, эмнэлгийн байгууллагуудын, хувь хүний гэсэн гурван түвшинд явагддагийг ЭМШУИС-ын Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч Т.Ариунаа онцолж, тус бүрчлэн тодруулсан юм.
Улс орны түвшинд энэ жилээс мэргэжилтнүүд, ДЭМБ, ЭМЯ гэх мэт байгууллагуудын оролцоотойгоор “Бөөрний өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхлэх гээд боловсруулаад дуусах шатандаа явж байна. Энэ хөтөлбөр нь батлагдаад гарах юм бол улс орны түвшинд бөөрний өвчлөлийг бууруулахад тодорхой хувь нэмэр болно. Байгууллагуудын түвшинд ЭМЯ, ЭМШУИС болон бусад мэргэжлийн байгууллагууд эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эмнэл зүйн практикт оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэх тал дээр түлхүү ажилладаг. Тийм учраас ерөнхий эмнэлгийн тусламж үйлчилгээ бол боломжийн хэмжээнд явж байна. Хувь хүний түвшинд өөрийхөө эрүүл мэндийг хамгаалах асуудал их чухал. Ард иргэдэд бөөрний өвчний талаар ойлголт хангалтгүй байдаг гэж хэлж болно. Хамгийн наад захын жишээ бол аль ч орны иргэн жилд нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдаж, оношилгоо эмчилгээ хийлгэж байх ёстой. Гэвч манай иргэд тэгдэггүй. Ялангуяа эрчүүд завгүй гэж явсаар өвчнөө архагшуулдаг тохиолдол олон бий гэв.
Дэлхий даяар жил бүрийн 3 сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “ Бөөр хамгаалах өдөр” – ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд “Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье” нэрийн доор зохиогдож байгаагаараа онцлог болж байна.